Б.Болор: 100 гаруй тэрбум төгрөгийг танасан

УИХ-ын гишүүн Б.Болортой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ажлын хэсгийн зүгээс ирэх оны төсөвт нэлээд таналт хийсэн гэсэн. Чухал хэдэн төгрөгийн таналт хийсэн бэ?

-Төсвийн байнгын хорооноос гарсан ажлын хэсэг 2014 оны төсөв дээр нэлээд хэд хоног ажиллалаа. Үүний дүнд Засгийн газраас өргөн барьсан энэхүү хуулийн төсөлд тодорхой хэмжээний өөрчлөлт оруулж, 100 гаруй тэрбум төгрөгийн таналт хийсэн.

-Ямар байдлаар таналт хийсэн бэ?

-Шинэ барих барилга, урсгал зардал зэрэг тэвчиж болох зүйлүүдээс таналт хийсэн. Харин эдгээр таналт хийсэн барилгуудын оронд зөрүүлж оруулах барилгууд байсан юм. Эдгээр барилгын 80 орчим хувийг цэцэрлэгийн барилга эзэлж байна.

-УИХ-ын тогтоолоор төсвийн тодотгол хийхэд хасагдсан байсан барилгуудыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-УИХ-ын тогтоолоор төсвийн тодотгол хийхэд хасагдсан объектуудыг тэглэж дараа жилийн төсвийн тодотголоор цаашид хэрхэхийг аудитын дүгнэлт гарсны дараа шийдэхээр болсон. Энэ барилгын жагсаалтад орсон сургууль, цэцэрлэгүүдийг буцаан суулгана гэсэн байр суурьтай байгаа ч хамгийн гол асуудал нь төсөвт өртөг нь анхны төсөвт өртгөөсөө хэд дахин өссөн барилгууд байгаад байна. Тиймээс тэдгээр төсөвт өртөг нь нэмэгдсэн барилгуудыг шалгах нь зүйтэй юм.

-Таналт хийсэн барилгуудын оронд зөрүүлж оруулж ирсэн барилгуудын төсөв хэр бодитой байгаа вэ? Хэрэгжих боломжтой эсэхэд тооцоо, судалгаа хийсэн үү?

-Шинээр орж ирсэн обьектуудын хувьд бид тухайн салбарын мэргэжилтнүүдтэй хамтарч ажилласан. Зураг төсөлгүй объектуудыг оруулахгүй гэсэн байр суурьтай байгаа. Хамгийн гол нь нэг загвартай сургууль, цэцэрлэгийг барина гэсэн бодолтой байна.

-Ирэх оны төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалтад улсын комисс хүлээгээд авчихсан хэрнээ дахин санхүүжилт авах гээд санал ирүүлсэн зургаан барилга байна. Энэ асуудалд хэрхэн хандаж байгаа вэ?

-Тэр зургаан обьектын дахиж олгогдох санхүүжилтийг царцаасан байгаа.

-Үүнд Засгийн газар хариуцлага хүлээх ёстой юу?

-Эхлээд аудит нягтлах ёстой.

-Ажлын хэсэг дээр ирэх оны төсөвт ирүүлсэн гишүүдийн саналын нийт дүн хэдэн төгрөг байна вэ?

- Гишүүдээс ирсэн саналын нийт дүн ойролцоогоор 190 орчим тэрбум төгрөгийн санал байна. Үүний гол цөм нь "Шинэ сум" төсөлд хамаарагдаж байгаа.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ