"Чингис бондын хүүгээр 30 сургууль, 50 цэцэрлэг барих боломжтой"

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ирэх онд цалин тэтгэвэр тэтгэмжийг 30 хувиар нэмэх ёстой гэж үзэж байгаа. Гэтэл өнөөдрийн төсөвт тусгаад байгаа 235 тэрбум цалин тэтгэврийг нэмэхэд хүрэхгүй шүү дээ?
-235 тэрбумаар цалин, тэтгэвэр тэтгэмжийг 30 хувиар нэмэхэд хангалтгүй. Харин тэвчиж болох зардлаа танавал урсгал зардлаас 170 тэрбум, хөрөнгө оруулалтаас 225 тэрбум хэмнэхээр тооцоо гарсан байна. Энэ нь нийтдээ 395 тэрбум төгрөг болж байна. Үүнийг одоо тусгагдаад байгаа 235 тэрбум дээр нэмвэл ойролцоогоор 600-аад тэрбум төгрөг болох бөгөөд цалин тэтгэвэр тэтгэмжийг 25-30 хувиар нэмэгдүүлэх боломж гарна гэж үзсэн. Гэтэл тэвчиж болохгүй зардлууд байна гэж Засгийн газар болон яамдын зүгээс санал тавьж байна.
-Ам.долларын ханшийг ирэх оны төсөвт буруу тусгасан байгаа. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?
-Манай намын бүлгийн зүгээс ам.долларын ханшийг бодит байдалтай нийцүүлэн төсөвтэй тусгаж оруулж ирэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. 2014 Төсвийн тухай хуулийн төслийг өргөн барихад УИХ-аар батлагдаагүй хуулийн өгөгдлийг ашиглаад санхүү эдийн засгийн тооцооллоо хийж оруулж ирсэн. 2014 оны төсвийн хүрээнд мэдэгдэл болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн олон зүйл заалт зөрчигдөж байгаа юм. Мөн ДНБ-д эзлэх өрийн хэмжээг 40 хувиас хэтрүүлэхгүй байхаар тогтоосон байсан. Үүнийг 60 хувь болгон хэмээн оруулж ирж байгаа. Ингэхийн тулд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулинд өөрчлөлт оруулах ёстой. Оруулахдаа УИХ-ын гишүүдийн гуравны хоёрын ирцтэйгээр энэхүү хуулийг өөрчилнө. Энэ асуудлыг манай намын бүлэг дэмжихгүй. Сүүлийн хоёр жил дараалан Монгол Улсын зээлч зэрэглэлийг ухраахад хүргээд байгаа. Монгол Улсад хийгдэх хөрөнгө оруулалт буурах, хийгдсэн хөрөнгө оруулалтын эрсдэл нэмэгдэх магадлалтай болон зээлийн хүү өсөх нь эдийн засагт тодорхой бус байдлыг бий болгох магадлалыг өндөр болгон гэж үзэж байгаа. Ор хойчдоо өрийн дарамт үлдээх бодит боломж бий болчих вий дээ гэдгээс болгоомжилж байна. Түүний оронд урсгал зардлаа хэмнэж, төсвөө танах хэрэгтэй гэж үзэж байгаа.
-Ерөнхий сайдын хувьд зээл бол өр биш. Зээлийг тогтсон хугацаанд нь төлж чадахгүй бол өр болдог гэсэн байр суурийг илэрхийлж байсан?
-Засгийн газар "Чингис" бондын 1,5 тэрбум ам.доллараа бүрэн зарцуулж дуусаагүй байна. Ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нь тодорхой бус байхад энэхүү мөнгийг оруулж ирсэн. Төсвийн хууль зөрчөөд төсвөөс гадуур зарцуулагдаж буй тэр их мөнгөний хүү асар ихээр нэмэгдэж байна. Энэ бол Монгол Улсын төсөвт өрийн дарамт үүсч байгаагийн бодиттой нөхцөл байдал. Үүнийг хар, цагаанаар будаад ч юм уу өнгөгүй болгоод өр мөн биш гэж ярих ямар ч шаардлагагүй. Өнөөдөр Монгол Улсын Төсвийн тухай хуулиар энэ бол төсөвт суух ёстой, мөнгийг зарцуулах асуудлыг УИХ-аар батлуулах ёстой. Гэтэл тэгж чадаагүй. Салхинд хийсгээд тэрхүү мөнгөний хүүгээр 30 сургууль, 50 цэцэрлэг барих боломжтой. Энэ асуудлаа шийдэж чадаагүй байж, дахиад 2,1 тэрбум ам.долларын бонд босгох, дотоодын зах зээл дээр 1,4 их наяд төгрөгийн Засгийн газрын үнэт цаас арилжаалахаар төлөвлөж оруулж ирж байгаа нь улсын өрийн хэмжээг улам л нэмэгдүүлнэ. Иймд санхүү эдийн засгийг хүнд байдалд оруулах, ирээдүй хойч үедээ өрийн дарамт үүсэхээс сэргийлэх үүднээс манай намын бүлгийн зүгээс эсэргүүцэж байгаа.
-Асуудлыг шийдэж болохгүй бол МАН-ын бүлэг завсарлага авч магадгүй гэсэн яриа байна?
-Яг шийдсэн зүйл байхгүй. Эхний ээлжинд төсвөө батална. Түүний дараа энэхүү асуудлууд яригдах байх. Өнөөдрийн байдлаар МАН-ын бүлэг өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй гэсэн байр суурьтай байгаа. Түүний оронд төрийн данхгар бүтэц, үрэлгэн байдал улс орны эдийн засагт нэмэр болохоос илүүтэйгээр дарамт үүсгээд байна. Төсвийн урсгал зардлын өсөлтийг хязгаарла, тэвчиж болох зардлуудыг хэмнэх шаардлагатай гэж үзэж байгаа.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ