Ц.Цолмон: Бонд босгож, зээл авдаг зантай болоод байна

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Цолмонтой улсын төсвийг тойрсон асуудлаар ярилцлаа.

-Ирэх оны төсвийн төслөө Төсвийн байнгын хороогоор өчигдөр хэлэлцээд хугацаандаа багтаж батлах нь тодорхой боллоо. Хэр бодитой, чамбай төсөв болсон бол?

-Анх орж ирсэн төсөв хэмнэх, үр ашигт нь анхаарсан тал руугаа байсан. Энэ тал дээр УИХ дахь намын бүлгүүд ч нэлээд ажилласан. Төсвийн байнгын хорооноос хэлэлцэгдэж орж ирэх төсөв нь чухам хэрхэн өөрчлөгдсөн нь нэгдсэн чуулган дээр харагдах байх. Ер нь нэлээд сайн ярьж, базсан тул гайгүй болсон байх гэж бодож байгаа. Хугацааны хувьд тулчихлаа. Энэ сарын 15 гэхэд төсвөө хэлэлцэж баталсан байх ёстой. Чадахгүй бол УИХ тарахаар хуульд суусан байгаа. Гэхдээ ямартай ч батлагдах юм шиг байна.

-Энэ удаагийн төсвийн төсөлд хувь гишүүнийхээ хувьд ямар санал, санаачилга оруулав?

-С.Дэмбэрэл гишүүн бид хоёр гурван сарын өмнө санхүүгийн жилийг өөрчлөх тухай саналтай хуулийн төсөл боловсруулсан. Бидний энэ саналыг Су.Батболд гишүүн дэмжиж байгаа. Гол санаа нь жил бүрийн есдүгээр сарын 22 гэхэд санхүүгийн жилээ эхлүүлье, үүнээс өмнө улсын төсвийг эцэслэн батлая гэж байгаа юм. Гурван сар болоход бүтээн байгуулалтаа эхлүүлэн үр өгөөжтэй ажиллах шаардлагад үндэслэж байгаа. Сангийн яамны зүгээс чирэгдэл төвөг, бичиг цаасны ачаалал нэмэх нь нэлээд дургүй байсан. Гэхдээ бид үүнийг хэлэлцүүлнэ гэсэн байр суурьтай байгаа.

-Хуулийн төслөө өргөн барьсан уу?

-Төсөв хэлэлцэж дууссаны дараа өргөн барина. Засгийн газарт санал авахаар хүргүүлсэн. Засгийн газар ажлын хэсэг байгуулж дахин сайн боловсруулах шаардлагатай гэсэн чиглэл өгсөн. Ямартай ч эсэргүүцээгүй. Гэхдээ энэ бол өнөөгийн Засгийн газар, Сангийн яам аль нэг сайдын асуудал биш. Улс орны эрх ашгийн үүднээс харвал энэ их хэрэгтэй зүйл. Ялангуяа жилийн хагасыг зүгээр суугаад өнгөрөөчихдөг манай улсын хувьд энэ маш чухал. Тэгэхгүй жилийн турш бүтээн байгуулалт өрнөж байдаг орнуудын жишгийг шүтээд суугаад байх буруу.

-Төсвийн төслийг хэлэлцэх явцдаа нэгдсэн байр суурьт хүрэлгүй байсаар цагийг нь тулгасан. Тэгээд хугацаа нь тулаад ирэхээр “бид тохиролцлоо” гээд сууж байдаг. Энэ удаад ч давтагдлаа. Үүнийг та хэрхэн харж байгаа вэ?

-Ажлын хэсэгт орж ажиллаагүй болохоор нарийн зүйлийг сайн мэдэхгүй байна. Ямартай ч хугацаандаа батлах бололцоотой боллоо. Төсөв тойрсон гажуудлын талаар ярихгүй биш ярьдаг. Гэвч өөрчлөгдөх зүйл байхгүй нь хэцүү юм. Засгийн газар төсөв боловсруулаад оруулж ирдэг. Түүнийг нь УИХ-ын гишүүд бараг л тал хэсгийг нь хөдөлгөдөг жишигтэй болоод байна. Тэгэхээр хууль боловсруулахаас эхлээд оновчтой зөв боловсруулж, оруулж ирэх хэрэгтэй. Тэгэхээр түүнийг УИХ онгичоод байх шаардлага гарахгүй. Нөгөөтэйгүүр төсвийн нийт хэмжээ жилээс жилд өсч байгаа. Цамаан, өнгө үзэмж голлосон зүйл нь нэмэгдээд, хэтээ харсан хөрөнгө оруулалтандаа анхаарах болохоор эцэстээ бонд босгож, зээл авдаг зантай болоод байна. Үүнд шүүмжлэлтэй л хандах ёстой.

-Өнгөрсөн оны төсвийн гол алдаа нь орлогоо зөв оновчтой тодорхойлоогүйтэй холбоотой гэж дүгнэж байгаа. Тэгэхээр энэ жилийн төсөв энэ тал дээр хэр зэрэг анхаарсан байх юм бэ?

-Манайхан нэг томьёо гаргачихсан түүгээрээ тооцоод сууж байдаг. Үүнийгээ олон улсын жишиг гэж хэлдэг юм билээ. Үүнээс ч өөр арга байхгүй юм билээ. Өнгөрсөн оны алдаа яг л ийм байсан. Оюутолгойгоос баахан мөнгө олоод түүгээрээ өчнөөн, дөчнөөн ажил хийхээр төлөвлөсөн, тэр нь бүтээгүй. Тэгэхээр өнгөрсөн онд Оюутолгойгоос авахаар төлөвлөсөн мөнгөө ирэх жил олж авч төсөвтөө нэмэрлэх ёстой. Нэгэнт л эхлүүлсэн ажлыг яриа хэлэлцээрээр зөв хөтөлж явах ёстой. Ер нь Оюутолгой шиг их баялагтай орд дээр төрөл бүрийн хөнгөлөлт үзүүлээд байх шаардлагагүй. Нөгөөтэйгүүр төсөв дээр бид эрсдлээ маш сайн тооцоолох хэрэгтэй. Том тогоон дотор ус дүүргэчихээд түүнээсээ тааралдсан саваараа хутгаад байж болохгүй биз дээ. Жишээлбэл, Оюутолгойгоос 460 тэрбум төгрөг авбал эдгээр ажлыг хийнэ. Хэрэв энэ мөнгө орж ирэхгүй бол энэ 20 төсөл хэрэгжихгүй болно гэдгийг анхнаас нь тодорхой оруулж өгөх хэрэгтэй. Гарцаагүй орж ирэх орлогоос заавал ч үгүй уяж өгөх ёстой гэдэг энэ санаагаа би намын бүлэг дээрээ илэрхийлсэн. Харамсалтай нь төсөвт ингэж уяж өгсөн зүйл байхгүй байна билээ. Тиймээс энэ асуудлыг ярина.

-Ирэх оны төсөвт нэлээдгүй бүтээн байгуулалтыг царцаах, зогсоохоор оруулж өгсөн байна. Энэ хэр зөв юм бэ?

-Мөнгөнөөсөө л болно. Үнэхээр хөрөнгө мөнгө бага байхад оройгүй сүм гэдэг шиг зүйл хийгээд, дутуу барилгууд зоочихоод суугаад байх буруу л даа. Түүний оронд хэрэгтэй зүйлээ хариуцлагатайхан хийчих хэрэгтэй. Тэр нэг олон жил дамнан сунжирсан зүйлсээ хэний буруугаас тийм байдалд хүрснийг нь олж тогтоох хэрэгтэй. Манайхан нэг ажил эхлүүлчихээд түүнийгээ хаяад дахиад өөр барилга өрж эхэлдэг хачин зантай юм. Нэг бол байсан байшинг нь нураачихаад суурин дээр нь барилга барихгүй сарзайлгаад орхичихдог монгол хүний сэтгэлгээ гэхээс илүү болчимгүй, бодлогогүй зүйл их хийх юм. Энэ мэт юмаа залруулах ёстой.

-Эрх баригч намын зүгээс гадаад өрийн хэмжээг ДНБ-ний 60 хувьтай тэнцэж болно гэсэн заалтыг оруулж ирж байгаа. Үүнийг МАН эсэргүүцэж байгаа. Та ямар байр суурьтай байгаа вэ?

-Улс орон хөгжих гээд олон шинэ зүйлийг барьж байгуулах гээд байгаа ийм үед зээл авах нь буруу биш. Гэхдээ ямар ч хамаагүй зээл, хэнээс ч хамаагүй аваад эцсийн дүндээ юу ч үгүй хоцрох юм бол хэн ч дэмжихгүй. Тэгэхээр эрх баригч нь авсан зээлээ үр ашигтай зараад, сөрөг хүчин нь түүнд хяналт тавьж, салхинд хийсэхээс нь сэргийлж л байх ёстой. Ер нь гадны хөрөнгө оруулалтаар ямар нэгэн ажил хийчихээд ашгаа хувааж байснаас бусдаас зээл авч бүтээж босгоод, өрөө дарчихаад өөрөө ашгаа хүртэж байсан нь дээр. Жирийн нэг компани ч энэ л зарчмаар явдаг шүү дээ.

-Ирэх онд “Самурай”-гаас гадна дахин 2,1 тэрбум ам.долларын бонд босгоно гэж байна. Үүнийг сөрөг хүчнийхэн мөн л эсэргүүцэж байгаа. Завсарлага авч ч магадгүй гэх яриа байна. Таны байр суурь ямар байгаа вэ?

-Ерөнхий сайд 2.1 тэрбумын бонд босгоно гэж байсан. Үүнийг би дэмжиж байгаа. Хамгийн гол нь мөнгөө зөв зарах ёстой. Аудит, хяналтын талын ажил хийж, цалин авч байгаа хүмүүс нь үнэхээр зөв зарцуулж байна уу, асгаж цутгаад байна уу гэдгийг нь анзаарах ёстой юм. Авсан зээл болгон өр биш, төлж чадахгүй хугацаа нь хэтэрсэн зээлийг л өр гэдэг. Ер нь зээл авдаггүй улс, Засгийн газар гэж байхгүй. Тиймээс зээл гэдэг үгнээс айх хэрэггүй. Гагцхүү шингээх чадвараасаа л хэтрүүлэхгүй байх хэрэгтэй. Энэ жил 1.5 тэрбумын зээл аваад нэлээд төсөл хэрэгжүүлчихсэн юм чинь дахин зээл авч томоохон төслүүдэд зориулчихад болохгүй зүйлгүй гэж бодож байна.

-Ирэх онд цалин тэтгэврийг нэмэгдүүлэх тухай асуудлыг ярьж байна. Манайхан цалин нэмэгдэхээр бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөнө гэсэн ойлголттой байдаг. Гэтэл бодит байдал цалин нэмэх шаардлага байгаа нь үнэн. Энэ тал дээр байр сууриа илэрхийлбэл?

-Цалин нэмэхийг бол зөв гэж бодож байгаа. Хамгийн гол нь “бид цалин нэмэх гэж байна” гэж дараагийн санал авахаа бодож сурталчилаад байхаа л болих хэрэгтэй. Манайхан ер нь өөрсдийгөө рекламдаж байна гээд үнийг хөөрөгдчихдөг зантай. Үүний оронд индексжүүлж нэмэх арга байж болно. Тодруулбал, тодорхой хуваарийн дагуу давтамжтайгаар нэмнэ гэсэн үг. Улирал тутам нэмэгддэг, түүнийгээ сурталчлаад байдаггүй, энгийн л нэг үзэгдэл болгох хэрэгтэй.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ