Г. Уянга: Бид хөрөнгө оруулагчдыг хөөе гэж ярьдаггүй

УИХ-ын гишүүн Г. Уянгатай ярилцлаа.

-Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хэлэлцүүлгийн шатандаа явна. Та энэ чиглэлийн ямар хууль батлагдаасай гэж хүсч байна вэ. Ер нь хуулийн төсөлтэй танилцсан уу?

-Ашигт малтмалын тухай хуулийн төслийг үзэж амжаагүй байна. Гэхдээ хандлагыг нь харах юм бол ­Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хэлэлцэгдэхээргүй болчихлоо. Ер нь Ерөнхийлөгчийн сонгуулиас наана ямар ч чухал асуудал шийдэгдэхгүй гэдэг нь тодорхой байна. Манай улсын улстөр нэг ийм жишгээр явж ирсэн дээ. Зарчмын хувьд Ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөх ёстой. Ер нь 2000 оноос өмнө батласан хуулиудыг зайлшгүй батлах шаардлагатай. Ялангуяа Ашигт малтмалын хууль дээр эргэж харах асуудал их бий. 1997 оны хуулийг гаднын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор батласан нь тодорхой. Ер нь тийм концевц давамгайлсан. Үр дүнд нь  хөрөнгө оруулалтыг ихээр татаж байна гэж ойлгоод гаднын олон компаниудыг оруулж ирсэн. Үр дүнд нь олон ордоороо хохирч үлдлээ. Тухайлбал, “Бороо гоулдыг” л гэхэд яаж тавьж туув? Дээрээс  нь одоо энэ “Оюу толгойн” гэрээ байна. Тэгэхлээр алдаан дээрээсээ сургамж авч дараагийн шат руу ахих ёстой гэж бодож байна. Бидний одоогийн хэлэлцэж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн концевц хөрөнгө оруулалтыг татах биш, оруулсан хөрөнгө оруулалтаа яаж үр ашигтай зарцуулах вэ гэдэг харилцан ашигтай хамтран ажиллах тэр чиглэл рүү өөрчлөгдөх ёстой. Бодлого өөрчлөгдөнө гэдэг нь зөвхөн улстөрчид ярих биш хуулиа өөрчлөхийн нэр юм шүү дээ. Энэ бодлогод нийцүүлсэн тийм хууль байгаасаа гэж бодож байна. Би хувьдаа ямар ч байсан энэ хууль дээр нухацтай ажиллана гэж бодож байна.

-Ашигт малтмалын тухай хуультай уялдаад өөр ямар хууль шаардлагатай вэ?

-Ер нь Ашигт малтмалын тухай хууль хэлэлцэх дарааллын хувьд зөрчилтэй байгаад байна. Эхлээд Газрын тухай хууль, Газрын хэвлийн тухай хуулийг  батласныхаа дараа Ашигт малтмалын хуулиа түүн дээр суурилуулж хийвэл зүгээр байгаа юм. Тэдгээрээс өмнө уул уурхайн салбарт, ашигт малтмалын салбарт  төрөөс баримтлах бодлогын том баримт бичиг гарах ёстой юм.  Нутаг орныхоо аль хэсгийг ашиглах юм бэ, бүх газар нутгаа сэндийлээд хаях юм уу, аль газартаа ямар ч мундаг эрдэнэ байсан  хөндөхгүйгээр үлдээх вэ, хаана нь мал аж ахуйгаа хөгжүүлэх вэ, хаана нь газар тариалангаа хөгжүүлэх вэ, хаана нь аялал жуучлалаа хөгжүүлэх вэ гэдэг ийм  бодлогоор төр хандах ёстой. Ийм хамгийн доод талын суурь бодлогын баримт бичиг байхгүй байгаа. Энэ мэтийгээ ярьж байж цэгцтэй хууль хийхгүй бол хэтэрхий савчаад, “Энэ л хэрэгтэй байна” гээд хэрэгтэй юм болгоныг авчирч наах гэсэн үзэгдэл гараад байна. Сууриа цутгаагүй байж энд, тэндээс тоосго авчирч өрөхөөр муу л байшин босно шүү дээ. Тэгэхлээр миний барьж байгаа бодлого бол ялангуяа ашигт малтмалын салбарт төр бодлогоо тодорхойлох ёстой гэдэг байр суурь юм.

  Ер нь ялгаагүй Сонгуулийн намуудын тухай хууль гээд л ажлын хэсэг гараад байна. Эхлээд Үндсэн хууль, үндсэн концевц, үндсэн үнэт зүйл, итгэл үнэмшил тэр бүх зүйлээ босгож байж түүн дээр суурилсан бусад хуулиуд гарвал зүгээр байгаа юм. Одоогийн Үндсэн хууль миний бодлоор цаашаа явах бүх хүчин чадал нөөцөө барсан. Тийм учир Үндсэн хуулиасаа эхлээд бүр зүйлээ өөрчлөх шаардлага монголчуудад зайлшгүй байна.

-1997 оны хуулиар гадаадныхныг дуудаж оруулчихаад одоо нүүрээ буруулчихаар хөрөнгө оруулагчид таатай хандахгүй гэдэг болгоомжлол зарим хүнд байх шиг?

-Хөрөнгө оруулалт үргэчих вий, явчих вий гэж айсан хүмүүс их байх юм. Одоо худлаа айдас болгоомжлолоосоо салах цаг  болсон. Гараад явчихна гэдэг нь магадгүй тархи угаалт байсан байх. Өнөөдрийн тухайд гэрээнүүд дандаа ашигтай байгаа. Жишээ нь, Тогтвортой байдлын гэрээнүүдийг хар л даа. Тэгээд ч бид  ерөөсөө “Та нарыг хөөж гаргана” гэж ярихгүй байгаа. Харилцан ашигтай хамтран ажиллах тэр түвшинд очих хэрэгтэй л гэсэн зарчмын шаардлага тавьж байгаа юм. Тэгэхгүй бол бидэнд ямар ч үр өгөөж байхгүй. Гашуун туршлагыг 20 гаруй жил амслаа шүү дээ. Тийм учир шударга зарчмаар ажиллая гэхээр үргээд явчихгүй байлгүй дээ. Ямар ч тохиолдолд өнөөдрийг хүртэл бидний амссан алдаанууд гэвэл хэдэн томоохон ордуудаа тавьж туусан явдал юм. Энэ бүхэн эцсийн эцэст явж явж бидний хохь болоод үлдэж байна. Ашиг хайж яваа, баялаг хэрэгтэй байгаа хүмүүс хөрөнгө оруулагчид дотор зонхилно шүү дээ. Тэр бол хаана ч байдаг, аль ч оронд байдаг дэлхийгээр нэг байдаг л зүйл. Тэр баялаг хайж яваа ашиг хайж яваа хүмүүсийг ямар гэрээ ямар нөхцлөөр ямар үнэ цэнээр оруулаад өөрсдөө юу авч үлдэх вэ, тэдэнд ч ашигтай, бидэнд ч ашигтай байхаар зохицуулж чадах вэ гэдгийг Монголын төр өөрөө шийдэх ёстой. Өмнөх алдаа Монгол төрийн алдаа, бидний алдаа байсан. Хамтын алдаа байсан. Үүнээсээ сургамж авч чадахгүй юм бол төр гэж байгаад хэрэггүй. Одоо тэгж хөрөнгө оруулалт зогсоно гэдэг тийм хий хоосон мануухай шиг үгнээс одоо бид салах ёстой.  

Д. Дорж

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ