Ардчилсан намын бүлгийн санал, дүгнэлт

“Монгол Улсын 2014 оны төсвийн тухай”, “Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай”, “Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай” хуулийн төслүүдийн талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгээс дараах санал, дүгнэлтийг гаргаж байна.
Засгийн газраас Нэгдсэн төсвийн нийт орлогыг 2014 онд 6 их наяд 894.8 тэрбум төгрөг, үүнээс тогтворжуулалтын сангийн орлогыг 29.8 тэрбум төгрөг, нийт тэнцвэржүүлсэн орлогыг 6 их наяд 865.0 тэрбум төгрөг, нийт зарлагыг 7 их наяд 275.1 тэрбум төгрөг тус тус байхаар тооцож төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 410.1 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий 2.0 хувь байхаар УИХ-д өргөн мэдүүлжээ.
Ардчилсан намын бүлэг Монгол Улсын 2014 оны төсвийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороо явуулах үеэр зайлшгүй анхаарах, өөрчлөх дараах асуудлуудыг тавьсан болно. Үүнд:
1.Нэгдсэн төсвийн урсгал зардлын бүтцэд “бараа үйлчилгээний бусад зардал” нь 1,082.1 тэрбум төгрөг буюу 20.3 хувийг эзэлж байгаа нь үрэлгэн байдал руу бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарыг түлхэж байна.
2.Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардалд төрийн захиргааны байгууллагын тавилга, эд хогшил, компьютер, конторын тоног төхөөрөмж, автомашин худалдан авахад 27.0 тэрбум төгрөгийг зарцуулахаар тусгасан нь оновчтой бус хөрөнгө оруулалт юм.
3.2013 оны төсвийн тодотголоор санхүүжилтийн дүн нь буурсан болон хасагдсан 2012-2013 онд гэрээ байгуулан хэрэгжүүлж буй зам, гүүрний барилгын ажлуудын санхүүжилтийн эх үүсвэр 2014 онд тодорхойгүй байгаа нь Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилт биелэгдэхгүйд хүрэх, үнийн өсөлт үүсэх зэрэг сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй байна.
4.Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгагдсан 2013 оноос дамжиж буй 416 хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнээс 181 барилга байгууламжийн төсөвт өртөг 289,978.3 сая төгрөгөөр өссөн байна.
Зарим тодорхой төлөвлөлтгүй, хангалтгүй гүйцэтгэлтэй, чанаргүй, төсөвт өртөг нь үнийн огцом өсөлттэй, олон жил дамжин хугацаа хоцорсон, хөрөнгө оруулалтуудыг нягтлах асуудлаар төр анх удаа “царцаах” бодлогыг баримтлан нягтлан шалгах шийдвэр гаргасныг Ардчилсан нам дэмжиж байна.
Урд жилүүдэд төсвийн хөрөнгө оруулалтыг хэт улс төржүүлэх, лобби хэлбэр давамгайлсан, төлөвлөлт нь уялдаа холбоогүй, барилга байгууламжийн чанар, гүйцэтгэл, төсөвт өртөгт тавих хяналт сул, хариуцлагагүй явж ирсэн нь төсвийн ачааллыг нэмэгдүүлсэн төдийгүй үнийн хөөрөгдлийг бий болгож, эдийн засгийн тогтвортой нөхцөл байдлыг алдагдуулж ирсэн байна.
Засгийн газар хөрөнгө оруулалтыг бодит эдийн засгийг дэмжих, баялаг бүтээх, импортыг орлуулах, экспортыг дэмжих төсөл, арга хэмжээнд чиглүүлэх дунд хугацааны хөтөлбөрөө УИХ-д оруулах шаардлагатай байна.
Иймд хөрөнгө оруулалтын реформыг зайлшгүй хийхийн тулд эрх зүйн тогтолцооны шинэчлэлийг цаашид үргэлжлүүлэх шаардлага тулгарч байна.
Ардчилсан нам Монгол Улсыг дэлхийн тавцанд эдийн засгийн хувьд ч,улс төрийн харилцааны хувьд ч үнэ цэнэтэй болгох, бодлогын өөрчлөлт рүү урагшлахад саад учруулж буй хуучин тогтолцоог халах ажлыг тууштай хэрэгжүүлэх болно.
Улс төрийн хувьд тогтвортой, улс орныхоо биет баялгийн нөөцийн хуримтлалтай, үнэ цэнэтэй аж ахуйн нэгжтэй болохын тулд Монгол Улсын Эдийн засгаа тэлэх чиглэл баримтлаж байна.Үүний тулд хоёр жил дамжин өнөөдрийг хүрсэн эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулахад 2014 оноос эхлэн төсвийн тэлэлт үр ашиг муутай хөрөнгө оруулалтыг анх удаа “царцааж” цаашид эдийн засгийн бодит нөхцөл байдалтай уялдуулан улсын төсвийн зардлыг хийсвэрээр нэмдэг зуршлыг таслан зогсоож, цалингийн өсөлтийг инфляци зардлын хэмнэлттэй уялдуулах, алт, валютын бодит нөөцөө нэмэгдүүлэн цаашид ханшийн тогтвортой байдлаа хадгалж, улс орны үнэ цэнийг хадгалж, бэхжүүлэх, хөрөнгө оруулалт, зээлийн бодлогыг бодит эдийн засгаа дэмжих, Үндэсний аюулгүй байдлаа хадгалах чиглэлийг баримтлах зөв гэж үзэж байна.
Гадаадын шууд хөрөнгө оруулалтын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, хөнгөлөлттэй урт хугацааны зээлийг дэмжих бодлогыг Улсын Их Хурлаар хэлэлцэн, улс орныхоо эдийн засгийн чадавхийг богино хугацаанд сэргээх алхмыг бусад улс төрийн нам, хүчнүүдтэй хамтран хэрэгжүүлэхийг эрмэлзэх болно.
Ардчилсан намын бүлгээс гаргасан Монгол Улсын 2014 оны төсвийн орлогыг нэмэгдүүлэх, зарлагыг бууруулах чиглэлээр гаргасан зарчмын саналуудыг Төсвийн байнгын хороо, ажлын хэсэг дэмжсэн.
Хэдийгээр 2014 онд дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал дээрдэх, Монгол Улсын макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд сайжрах төлөв одоогоор ажиглагдахгүй байгаа ч 2014 онд улсын төсвийн хөрөнгөөр зайлшгүй хийгдэх шаардлагатай байгаа зураг, төсөв, газрын асуудал нь шийдэгдсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжуудыг төсөлд нэмж тусгалаа.
Төрийн захиргааны байгууллагуудын үрэлгэн болоод урсгал зардлын хэт тэлэлт, төсвийн хөрөнгө оруулалтын оновчтой бус, төлөвлөлтгүй, төсөвт өртгийн хэмжээ хязгааргүй өсөлт, хөрөнгө оруулалтын ажлуудын гүйцэтгэлийн хангалтгүй байдал зэрэг нь жил жилийн улсын төсвийг тарамдуулж, татвар төлөгчдийн хөрөнгийг үрэгдүүлж ирснийг зайлшгүй өөрчлөх, шинэчлэх дээр Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгүүд нэгдэж чадлаа.
Түүнчлэн 244 хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжуудыг Монгол Улсын 2014 оны төсөвт “0” дүнтэйгээр царцаан тусгаж байгаа учир Үндэсний аудитын газар сайн ажиллаж, дүгнэлтээ шуурхай гаргаж ирүүлэх, аудитын дүгнэлтийг үндэслэн Засгийн газар төсвийн тодотголыг цаг алдалгүй УИХ-д өргөн барихыг сануулж байна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ