МАН-ын бүлэг улсын өрийн ДНБ-д эзлэх хувийг нэмэхийг дэмжихгүй

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар 2014 оны төсвийн тухай хуулийн төсөл, дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаатай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дүгнэлтийг МАН-ын бүлгийн дэд дарга, Төсвийн хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Д.Оюунхорол танилцууллаа. Уг дүгнэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2014 оны төсвийнтухай хуулийн төсөл болон дагалдах хуулийн төслүүдийг нягтлан үзэж, холбогдох төрийн байгууллагуудын санал, дүгнэлтийг үндэслэн УИХ дахь МАН-ын бүлэг дараах ДҮГНЭЛТИЙГ хийж байна. Үүнд:

  1. Засгийн газар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн барихдаа УИХ-аар батлагдаагүй хуулийн өгөгдлийг ашиглан санхүү, эдийн засгийн тооцооллоо хийсэн нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн олон зүйл, заалтыг зөрчсөн байна.

  1. Шинэчлэлийн Засгийн газар нэг жил хүрэхгүй хугацаанд Засгийн газрын гадаад өрийн хэмжээг 70 шахам хувиар эрс нэмэгдүүлжээ. Засгийн газар их хэмжээний хөрөнгийг ашиглах ямар ч тооцоо судалгаа, бэлэн төсөлгүйгээр олон улсын санхүүгийн зах зээл дээр 1,5 тэрбум ам.долларын "Чингис" бонд босгож зарцуулалтыг Төсвийн тухай хууль зөрчин, төсвөөс гадуур зарцуулж, төлбөрт жил бүр 30 сургууль, 50 цэцэрлэг барих хэмжээний татвар төлөгчдийн мөнгийг салхинд хийсгэх нөхцөл бүрдүүлжээ. Энэхүү гаргасан бондын хөрөнгөө гүйцэд зарцуулж чадаагүй, олон тэрбум төгрөгийн хүү төлсөөр байж дахин 2,1 тэрбум ам.долларын бонд босгох, дотоод зах зээлд 1,4 их наяд төгрөгийн Засгийн газрын үнэт цаас арилжаалахаар төлөвлөсөн нь улсын өрийн хэмжээг нэмэгдүүлж Монгол Улсын санхүү, эдийн засгийг дунд болон урт хугацаанд эрсдэлд оруулах, ирээдүй хойч үедээ өрийн дарамт үлдээх бодит нөхцөл бүрэлдээд байна. Засгийн газар дээрх санаархлаа хэрэгжүүлэхийн тулд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар улсын нийт өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг “2014 онд 40 хувиас хэтрэхгүй байх”-аар тогтоосныг “60 хувь” болгон өөрчлөлт оруулах “Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19.3-т өөрчлөлт оруулах төсөл”-ийг буруушааж байна.

  1. Нийт өрийн хэмжээг ДНБ-ий 60 хувь болгож өсгөх нь сүүлийн 2 жил дараалан буураад байгаа Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дахин ухраахад хүргэнэ. Ингэснээрээ Монголд хийгдэх хөрөнгө оруулалт буурах, одоогоор хийгдсэн хөрөнгө оруулалтын эрсдэл улам бүр нэмэгдэнэ. Улмаар зээлийн хүү өсөх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулах, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх боломжууд буурч эдийн засаг, бизнесийн тодорхой бус байдлыг бий болгоно гэж үзэж байна.

  1. Монгол Улсын төрийн данхар бүтэц, үрэлгэн байдал нь улс орны эдийн засагт нэмэр болохоосоо дарамт учруулж байгаа тул төсвийн урсгал зардлын өсөлтийг хязгаарлаж, тэвчиж болох зардлыг хэмнэх нь зүйд нийцнэ. Шинэчлэлийн Засгийн газар төсвийн урсгал зардлыг 2013 оны түвшинд царцаах бүрэн бололцоог үл тоон, тэвчиж болох урсгал зардлыг даруй 170 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр санаархаж байгаа нь улс оронд үүссэн эдийн засгийн хүндрэлийг үл ойшоож, цөөн хэдэн сайд дарга нарынхаа эрх ямбыг ард түмний язгуур эрх ашгаас дээгүүр тавьсанхаралган алхам гэж бүлэг үзэж байна. Иймд Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан урсгал зардлаас тэвчиж болох 170 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний жагсаалтаас онц шаардлагагүй 225 тэрбум төгрөгийг хасч, нийт 395 гаруй тэрбум төгрөгийн зардал хэмнэх саналыг УИХ дахь МАН-ын бүлгээс оруулж байна. Энэ мөнгийг ард иргэдийнхээ цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхэд зарцуулах ёстой гэж үзэж байна.

  1. Засгийн газраас Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихдаа цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхээр 200 тэрбум төгрөг төсөвлөсөн нь цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг дунджаар 8-10 хувь нэмэгдүүлэхээр тооцоолон оруулж ирсэн байна. Хамгийн сүүлд цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг 2012 оны 2, 5 дугаар саруудад нэмэгдүүлснээс хойш дахин нэг ч удаа нэмэгдүүлээгүй билээ. Энэ хугацаанд эдийн засгийн өсөлт 2012 онд 12,3 хувь, 2013 оны эхний хагас жилд 11,3 хувийн өсөлттэй байгаа ч тухайн хугацаанд инфляцийн түвшин нийтдээ 23.3 хувьд хүрч, цалин, тэтгэвэр, тэтгэмжийн худалдан авах чадвар буурч, иргэд, хөдөлмөрчдийн амьдрал хүндэрч байна. Төрийн албан хаагчдын цалин, өндөр настны тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай гэж МАН-ын бүлэг үзэж байна. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, төгрөгийн худалдан авах чадвар эрс суларч байгаа энэ үед төрийн албан хаагчдын цалин, өндөр настны тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг төгрөгийн худалдан авах чадвар, инфляцийн түвшинтэй уялдуулж 25-30 хувиар нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.

  1. Монгол Улсын Засгийн газар УИХ-ын 2012 оны 60 дугаар тогтоолын заалтуудыг зөрчиж 4 жилийн хугацаанд хэрэгжих Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулж УИХ-аар батлуулаагүй байна. Засгийн газар энэхүү хариуцлагагүй алхмаараа Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байх, нөгөө талаар төсвийн хөрөнгөөр дураар дургих орон зайг бий болгон, үр ашиггүй хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төсвийн хариуцлагыг сулруулахад хүргэж болзошгүй байна. Засгийн газар эдгээр шийдвэрүүдийг хангаж ажиллаагүйн улмаас Монгол Улсын 2013 оны төсөв, 2013 оны төсвийн тодотгол, 2014 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх явцад төсвийн хөрөнгө оруулалтын дүн, нэрсийн жагсаалт тодорхойгүй шалтгаанаар нэмэгдэж, хасагдах асуудлууд гарсныг хоёр намын бүлгийн ажлын хэсгүүд тохиролцож төсвийг сайжруулан оруулж ирэх асуудлыг хамтран шийдвэрлэснийг онцлон тэмдэглэмээр байна.

  1. Засгийн газар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2. -т “төсвийн иж бүрэн, үнэн зөв байдлыг хангасан байх”, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 -т “төсвийн бодлогыг тодорхойлохдоо олон улсад нийтлэг хэрэглэгддэг аргачлал, мэдээллийн эх сурвалжийг ашиглах замаар төсвийн тооцооны хараат бус, үнэн зөв байдлыг хангах”гэсэн заалтуудыг тус тус зөрчиж төсвийн орлогод төгрөгийн ам.доллартай харьцах ханшийг зах зээлд тогтсон бодит ханшаас илт доогуур буюу ойролцоогоор 1384 орчим төгрөгөөр тооцоолсон байна. Жишээлбэл, 2014 оны төсвийн төсөлд Тусгай зөвшөөрлийн орлогыг тооцохдоо ам.долларын ханшийг 1367 төгрөгөөс эхлэн хэлбэлзэлтэй, хоорондоо зөрүүтэй ханшуудаар бодож боловсруулсан байгаа нь төсөв бодитой, үнэн зөв болсон гэхэд эргэлзээ төрүүлэхээр байгаа нь долларын ханшийг бодитойгоор тооцоогүйд оршиж байна гэж МАН-ын бүлэг үзэж байна. Иймд Засгийн газар 2014 оны төсвийн тухай хуулийн төслийг холбогдох хуулийн зүйл заалтуудад нийцүүлэх үүднээс төгрөгийн ам.доллартай харьцах ханшийг эдийн засгийн бодит байдалт ойртуулсан ханшаар тооцох шаардлагатай гэж үзэж байна.

  1. Монгол Улсын Их Хурлын 2012 оны 60 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт “Төсвийн тухай хуульд орон нутгийн төсвийн орлогод төвлөрүүлэхээр заасан эх үүсвэрийн тодорхой хэсгийг бусад хуульд тусгай зориулалтын санд төвлөрүүлэхээр заасан нь хууль хоорондын зөрчил бий болгож байгааг өөрчлөх, Засгийн газрын тусгай зориулалтын сангуудын үйл ажиллагаа, зориулалтыг боловсронгуй болгох чиглэлээр санал боловсруулж 2013 оны 2 дугаар сард багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх” гэж Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягт даалгасан байхад өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй байна. Засгийн газрын зарим тусгай зориулалтын сангуудын хөрөнгийг зориулалтын бусаар ашиглах, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулах зэрэг хариуцлагагүй байдлыг улам даамжруулсаар байгаад дүгнэлт хийж Монгол УлсынЗасгийн газрын 60 дугаар тогтоолоор өгөгдсөн даалгаврыг биелүүлэх ажлыг яаралтай зохион байгуулах, нөгөө талаар ажлын хариуцлага алдаж, Монгол Улсын хууль тогтоомжийг удаа дараа зөрчиж байгаа сайд нар, албан тушаалтнуудад хариуцлага тооцох шаардлагатай гэж МАН-ын бүлэг үзэж байна.

  1. Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.47.-д “ “улсын өр” гэж Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 4.1.8-д заасныг;”, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8 -д “ “улсын өр” гэж Засгийн газрын дотоод, гадаад зээл, санхүүгийн түрээс, Засгийн газрын гаргасан баталгаа, өрийн бичиг, төрийн болон орон нутгийн өмчит болон тэдгээр өмч давамгайлсан хуулийн этгээдийн ирээдүйд эргэн төлөх үүрэг хүлээсэн санхүүгийн бүх төрлийн төлбөрийн үүргийн мөнгөн дүн, түүнд ногдох хугацаа хэтэрсэн хүү, алданги, торгуулийн нийлбэрийг;” гэж тус тус заасны дагуу Засгийн газраас олон улсын санхүүгийн зах зээлд гаргасан "Чингис" бонд болон Хөгжлийн банкны бондын хөрөнгийн зарцуулалтыг улсын төсөвт суулгах ажлыг зохион байгуулж, УИХ-ын хяналтад оруулах. Түүнчлэн Засгийн газар "Чингис" болон Хөгжлийн банкны бондын зарцуулалттай холбогдон гарсан ҮАБЗ-ийн шийдвэрийг ханган ажиллаж чадахгүй байгаа тул УИХ-аас шийдвэртэй ч гэсэн 3.5 тэрбум ам.долларын бонд нэмж гаргах, эсэх асуудлыг дахин нухацтай хэлэлцүүлэх шаардлагатай гэж УИХ дахь МАН-ын бүлэг үзэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ