Н.Алтанхуягийн хүлээж аваагүй М.Энхболдын урилга

Их хурлаа хийгээд удаагүй байгаа монголын улс төрийн ууган хүчин МАН түүний шинэ удирдлагууд том жижиг гэлтгүй бусад намуудтайгаа уулзаж, санал бодлыг нь сонсох, улс орны том эрх ашиг дээр хамтарч дуугардаг байх тухай асуудлыг хөндөв. Үүний тулд МАН-ын дарга М.Энхболд “Үндэсний зөвшилцөл” нэртэй улс төрийн намуудын дарга нарын нээлттэй уулзалтыг өчигдөр хийлээ. Гэвч уулзалтад УИХ-д суудалтай төрийн бодлого зангидаж буй гол намуудын дарга нар ирсэнгүй. Тухайлбал, АН-ын дарга Н.Алтанхуяг, Иргэний зориг ногоон намын дарга С.Оюун тэр бүү хэл МАХН-ын дарга Н.Энхбаярыг орлож буй Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба ч үзэгдсэнгүй, орондоо нарийн бичгийн дарга Ч.Чимэдцэрэнг элгээсэн байв. Харин МҮАН-ын дарга М.Энхсайхан ирсэн. Түүнээс гадна МАХН-аас гарч Хамуг Монгол хөдөлмөрийн намын дарга болсон Ц.Шинэбаяр, Иргэний хөдөлгөөний намын дарга Д.Сүхжаргалмаа, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх, Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч, Монголын уламжлалын нэгдсэн намын дарга Б.Батболд, Монголын социал демократ намын дарга А.Ганбаатар, Монголын ардчилсан хөдөлгөөний намын дарга Т.Оюунаа, Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат, Хөдөлмөрийн үндэсний намын дарга Т.Энхбаяр нар хүрэлцэн ирсэн байв.

Уулзалтын эхэнд МАН-ын дарга М.Энхболд уулзалтын гол зорилго хийгээд ярилцаж, зөвшилцөх асуудлуудаа танилцуулсан юм. Тэрбээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа улс төрийн намууд улсынхаа язгуур эрх ашиг, үндэсний эв нэгдэл, хөгжлийн гол гогцоо болсон асуудлууд дээр ярилуаж зөвшөлцөн хамтран ажиллах ёстой гэдгийг хэлж байв. Мөн өөрийн намын Их хурлаар дан ганц намын асуудал бус ойрны таван жилд улс төрийн намууд юунд анхаарч ажиллах талаар ярилцаж зөвшилцсөн. Бусад намууд ч үүнийг бодох ёстой гэсэн юм. Нөгөөтэйгүүр тэрбээр сүүлийн 20 жилийн хугацаанд иргэд олон түмний талцал их болсон. Үүнийг багасгах, эв нэгдлийг хангах асуудалд ч улс төрийн намууд анхаарах ёстой хэмээлээ.

Тэрбээр энэ үеэр сонгуулийн асуудал тэр тусмаа хар хайрцгаар сонууль явуулах нь хэр зөв эсэх дээр намууд нэгдсэн байр суурьтай байх ёстойг хэлсэн юм. Эцэст нь тэрбээр төрийн үйл ажиллагаанд хамгийн их хамааралтай зүйл бол улс төрийн намуудыг төлөвшил, түүний гишүүдийн ёс зүй гэдгийг хэлсэн. Аль нэг намын нэрээр хэн нэгэн хүн төрд орж ирээд өөрийн ааш араншингаар улс төрд хандана гэдэг байж боломгүй зүйл гэлээ. Мөн тэрбээр улс орны эдийн засагт нөлөөлөхүйц том төсөл хөтөлбөрүүд, гадаад харилцаа, залуучуудын хүмүүжил, төлөвшил, боловсролын асуудал дээр олон ургалч үзэл хэрэгтэй гэсэн юм.

МАН-ын даргыг үг хэлсэний дараа зарим намын дарга нар байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, МҮАН-ын дарга М.Энхсайхан “МАН сая хурлаа хийж шинэ даргаа сонгосон. Та бүхнээс намын гишүүд хийгээд монголын нийгэм их зүйл хүлээж байгаа. Энэ намыг тодорхой хувь нэмэр оруулна гэдэг итгэж байна. Миний хувьд “Үндэсний зөвшилцөл” гэх нэж хэрлэх зөв үү буруу юж гэдгийг ярилцах ёстой. Дайн самуунтай, тарж бутарсан улсад үндэсний зөвшилцөл гэх үгийг ашигладаг. Манай улсын хувьд ийм айхтар нөхцөл байдал бий болоогүй байгаа. Гэхдээ оюун санааны хувьд монголчууд тарж бутарсан нь үнэн. Энэ ширээний ард л гэхэд 16 намын нэр бичигдсэн байна. Гуравхан сая хүнтэй улс хэдэн мянган төрийн бус байгууллага, энэ олон нам, 30 гаруй шашин шүтлэг гэж тарсан байна. Үндэсний эрх ашиг гэх ойлголт бидэнд үнэндээ алга. Өнгөрсөн 20 жилд энэ томъёололыг гаргаж чадсангүй. Тэгж чадсан бол зөвшилцөл гэдгээс өөр юм гарч ирэх байсан. М.Энхболд даргын ямар төр байна, тийм намуудтай байж, ямар намуудтай байна, тийм төртэй байна гэсэн санааг дэмжмээр байна. Ганц жишээ хэлэхэд, өнөөдөр Монголын төр парламентын нэг танхимтай байгаа. Энэ тогтолцоо нь үргэлж аюул учруулдаг гэдгийг дэлхийн олон улстөрчид хэлж байсан. Тэдний нэг нь болох УинстонЧерчиль “Ардчилал адгийн засаглал“ гэж хэлсэн. Энэ нь ардчиллыг муулж байгаа хэрэг биш. Англи хоёр танхимтай. Нэг танхимтай болгох хэлэлцүүлэг өрнүүлэх үеэр “Нэг параламентын танхим чинь буруу болдог юм шүү. Хаяналтгүй төр үүсгэх, төрийн дээр нам гарах бололцоог бүрдүүлж, супер төлөвлөгч, супер хүмүүс бий болдог” гэж хэлснийг эргэн сануулж байна. Өнөөдөр төр нь дээрээ байна уу, нам нь дээрээ байна уу гэдгийг онолын хувьд нотлох хэцүү. Өнөөдөр супер төлөвлөгч, супер хүмүүс байна уу, зарим хүмүүсийн хэлдэгээр супер сармагчингууд байнауу гэдгийг тогтооход гэмгүй. Намууд эхлээд үндэсний эрх ашгийг бодох ёстой. Өнөөдөр юунаас болж ийм олон намуудтай болж, оюун санааны хувьд задраад байна гэдгийг бодох ёстой. Энэ том асуудлуудыг нэг ойлголтод хүргэх ёстой. Африкийнюм уу, иргэний дайн болчихсон орнуудын “зөвшилцөл” гэдэг томёолол бидэнд тохирохгүй гэдгийг хэлмээр байна. Монголын параламентад байгаа намууд эхлээд учир начраа ойлголцох ёстой. Ойлголцож чадаж байгаа бол бусад намууд татагдан үйл ажиллагаанд нь оролцох ёстой юм. Түүнээс биш хавтгайруулан хэлэлцүүлэг маягаар явуулах юм бол үр дүн гарахгүй. Ний нуугүй хэлэхэд энэ намын дарга нар цугласан уулзалт өнгөрсөн жилүүдэд багагүй зохиогдсон. Тэгээд л тараад алга болдог. Энэ уулзалт түүний нэг болох вий” гэсэн юм.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ