Н.Алтанхуяг: М.Энхболд засагт хамтарч ажиллах санал тавиагүй

Ерөнхий сайд Н.Алтанхуяг долоо хоног бүр сэтгүүлчидтэй уулздаг "Ерөнхий сайдын 30 минут" уулзалт боллоо. Уулзалтын үеэр тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм. Тэрбээр уулзалтын эхэнд цахим ертөнцөөр цацагдаад байгаа мэдээллүүд ташаа гэсэн юм. Тухайлбал, хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгохгүй, найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг зогсооно, цөмийн хорт хаягдал булшлах гэрээ байгуулсан, Шинэчлэлийн Засгийн газар шинээр 17 татвар бий болгосон гэх бүх мэдээлэл худал. Хүүхдийн 21 мянгыг олгохоор төсөвт тусгасан байгаа. Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг үргэлжлүүлэн олгоно. Татвар нэмэгдүүлэх талаар нэг ч зүйл яриагүй. Мөн цөмийн хорт хаягдал булшлах ямар ч гэрээ байгуулаагүй бөгөөд цөмийн станц ч барихгүй. Цаашид зохион байгуулалттайгаар худал мэдээлэл цацаад байгаа хүмүүст хариуцлага хүлээлгэх болно гэсэн юм.

-УИХ-ын Р.Амаржаргал гишүүний бүрэн эрхээсээ татгалзах өргөдлөө өглөө. Намын даргын хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-УИХ-ын даргад өргөдлөө өргөн барьсан байсан. Намын даргын хувьд уулзаж ярьсан зүйл одоогоор алга байна. Тэр бол хувь хүний асуудал учир өөрөөс нь асуу.

-УИХ-ын нэр бүхий гишүүд Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлт тавьсан. Үүнд яагаад тайлбар хийхгүй байна вэ?

-"Рио Тинто" болон Монголын Засгийн газрын хооронд 30 гаруй асуудал үүсээд байсан. Үүнээс 15-г шийдээд байгаа. Гэхдээ харилцан тохиролцож байгаагийн үндсэн дээр асуудлыг шийдэж байгаа. Түүнээс монголын талд ашигтай шийдсэн нэг асуудал бол Оюутолгойд байсан нөөцийг нэмэгдүүлж чадсан. Өөр компанийн нэр дээр байсан лицензийг нь авах асуудал байгаа. Асуудлыг алхам алхмаар шийдээд явж байгаа. Том гэрээнд хийгдэх өөрчлөлтийг УИХ шийднэ.

-Үнэ тогтворжуулахын хөтөлбөрийн үр дүн ямар байгаа вэ?

-Үнэ тогтворжуулахын хөтөлбөрийн үр дүн тодорхой хэмжээгээр гарсан. Жилээр нь авч үзэхэд инфляци 16 хувьай байгаа. Харин 10 сарын байдлаар бол 10 хувьтай байна. Бид үүнд нэг алдаа хийсэн байгаа. Алдаагаа хүлээн зөвшөөрч байна. Их, дээд сургуулийн төлбөр 14 хувиар нэмэгдсэн. Энэ их нөлөөлсөн. Цаашид энэ тал дээр анхаарч ажиллана.

-МАН Засгийн газартай хамтарч ажиллана гэсэн мэдээлэл гараад байна. Энэ бодит мэдээлэл мөн үү?

-М.Энхболдын намын дарга болсныхон дараа баяр хүргэж хүлээн авч уулзсан. УИХ дээр хэлэлцэгдэж байгаа төсөвтэй холбоотой асуудлаар санал солилцсон. Засагт хамтарч ажиллах санал бол тавиагүй.

-Ирэх онд төрийн албан хаагчдын цалин нэмэгдэхээр боллоо. Харин хувийн хэвшлийнхний цалинг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

-Төрийн албан хаагчдын цалинг дагаад тодорхой хэмжээгээр нэмэгддэг.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ