Нийгэмд бус намын гишүүддээ хүлээн зөвшөөрөгдөх нь чухал


МАН өнгөрсөн оны УИХ-ын сонгуулиас хойш бүх шатны сонгуульд ялагдал хүлээсэн нь байнга шахуу олонхи болж ирсэн тэдэнд хүнд цохилт болсон. Ялагдлын амтыг төдийлэн мэдэрч үзээгүй залуусынх нь цөсийг хөөргөж, намд маань шинэчлэл хэрэгтэй хэмээн үглэх, тэмцэхийн аль нь болох нь үл ойлгогдох байдлаар удирдлагуудаа шүүмжилж эхэлсэн нь намын Их хурлыг зохион байгуулах урьдчилсан нөхцөл болсон. Тэр ч утгаараа МАН-ын Их хурал хуралдаж, намын дарга асан Ө.Энхтүвшиний баг хариуцлагаа хүлээж, удирдлагын шинэ бүрэлдэхүүнийг сонгож, алдаа оноогоо дэнсэлж, цаашид ямар арга барилаар явахаа шийдсэн. Их хурлын үеэр намын генсек байсан Г.Занданшатар “энэ удаагийн хурал эв нэгдлийн дор болж байна. Энэ нь өмнөх хурлуудаас ялгарах томоохон онцлог“ хэмээн ярьж байсан. Гэтэл өнөөдрийн байдлаар МАН-д хагарал үүсч, хүнд байдалд ороод байна.
Учир нь намын дарга М.Энхболд тохирооноосоо буцсан нь өнөөдрийн энэ их хагарал үүсэхэд хүргэсэн. Бага хурлын гишүүдийг сонгох үеэр хотын фракцынхан хүч түрэмгийлэн Сү.Батболдын гэх бүхий л хүмүүсийг хассан. Харин У.Хүрэлсүхийн нэрийг нь тодотгож өгсөн гишүүдээс цөөнө тоогоор л оруулжээ. Энэ байдалтай эвлэрч чадахгүй байгаа намын гишүүд дэмжигчид цөөнгүй байгаа.
Харин хамгийн чухал асуудал бол намын шинэ удирдлага. Учраа мэдэхгүй хэдэн нөхөд даргын албан тушаалд суусан нь намын нийт гишүүд дэмжигчдийн бухимдлыг төрүүлж байгаа аж. Тэдний хувьд үйл ажиллагаа явуулахын тулд намын нийт гишүүд дэмжигчдийн дэмжлэг туслалцаа хэрэгтэй. Гэтэл тэднийг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа хүмүүс юун дэмжих. Шинэ удирдлагын хувьд нийгэмдээ бус намын гишүүд дэмжигчиддээ хүлээн зөвшөөрөгдөх нь чухал. Тэдний нэн тэргүүний ажил бол халаа сэлгээ хийх бус өөрсдийгөө хүлээн зөвшөөрүүлэх явдал юм. Эс тэгвээс энэ байдлаараа 2016 оны сонгуультай учраа таарна. Харин ямар үр дүн гарахыг урьдчилан хэлж болно.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ