Европын комиссын ерөнхийлөгч Монгол Улсад айлчлав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Европын Комиссын Ерөнхийлөгч Жозе Мануэл Баррозо 2013 оны 11 дүгээр сарын 17-18-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын Комиссын Ерөнхийлөгч Ж.М.Баррозотой албан ёсны хэлэлцээ хийв. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Европын Комиссын Ерөнхийлөгч Ж.М.Баррозотой уулзав.
Уулзалт, хэлэлцээний үеэр талууд хоёр орны харилцааны өнөөгийн байдлыг дүгнэн ярилцахын зэрэгцээ цаашид худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, боловсрол, шинжлэх ухаан, судалгаа, инноваци зэрэг салбарын хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцав. Тухайлбал, Европын Холбооны ДТГ-ыг Улаанбаатар хотноо нээх, Монгол Улсыг Европын Холбооны “зах зээлийн бус эдийн засагтай орнуудын жагсаалт”-аас хасуулах асуудлыг эцэслэн шийдвэрлэх, дээд боловсролын нэгдсэн стандарт “Болоны конвенци”-д хамруулах чиглэлээр хамтран ажиллах, Европын Холбооны Хөнгөлөлтийн ерөнхий схем (GSP+)-д үргэлжлүүлэн хамрагдах зэрэгасуудлыг ярилцав. Мөн олон улсын болон бүс нутгийн тулгамдсан асуудлаар санал солилцов.
Айлчлалын хүрээнд Европын Комиссын Ерөнхийлөгч Ж.М.Баррозо Монгол Улсын Их сургуулийн оюутан, багш нарт “Монгол Улс, Европын Холбооны харилцаа, Европын Холбооны хөгжлийн хэтийн төлөв” сэдвээр лекц уншив. Энэ үеэр тус сургуулиас түүнд “Хүндэт доктор”-ын цол олгов. Мөн Ерөнхийлөгч Ж.М.Баррозо Европын Холбооны кино өдөрлөгт оролцож, уг арга хэмжээг нээж үг хэлэв.
Монгол Улсын “гуравдагч хөрш” болох Европын Холбооны талаас өндөртүвшинд хийгдэж буй энэхүү анхны айлчлал нь түүхэн ач холбогдолтой байсан бөгөөд хоёр талын улс төрийн дотно харилцаа, итгэлцлийг бататгах, хамтын ажиллагааг түншийн хэмжээнд хүргэх, Монгол Улсын нэр хүндийг Европын Холбоо төдийгүй дэлхий дахинд бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэв
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ