Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Өнөөдөр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “А” танхимд болно. Харин Мөрдөх албаны тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “В” танхимд хуралдана.

Мөн Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Г” танхимд, Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас 305 тоот өрөөнд болно.

Үүнээс гадна Химийн хорт болон аюултай бодисын тухай болон холбогдох бусад хуулийн хэрэгжилтийг шалгаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд, Газрын тосны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагаас “А” танхимд, Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд хуралдана.
Харин Төрийн байгууллагууд өөрт ногдуулсан чиг үүргийг хэрэгжүүлэхдээ үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулж байгааг судлан дүгнэлт гаргах, саналын төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд хуралдана.
Жич:- “Аюулгүй байдлын салбарын хяналт ба аюулгүй байдлын засаглал: Парламентын Байнгын хороодын үүрэг, хариуцлага” сэдэвт сургалт 2013 оны 11 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдийн Даваа, Мягмар гарагийн 09.00 цагаас “Б” танхимд.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ