АН-ын бүлэг Р.Амаржаргалын хүсэлтийг хүлээж авсангүй

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Түүний нэг бол УИХ-ын гишүүн Р.Амаржаргал бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн шийдвэрийг гаргасан байна. Учир нь Р.Амаржаргал гишүүн 2012 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн мөн дөрвөн удаа УИХ-д сонгогдсон, Ерөнхий сайдаар ажиллаж байсан туршлагатай улстөрч гэж үзсэн байна. Энэ долоо хоногт Ардчилсан намын гишүүд УИХ-ын гишүүн Р.Амаржаргалтай уулзахаар болсон байна. Дашрамд дурдахад бүлгийн хуралдаанд УИХ-ын дарга З.Энхболд суусан юм.
Мөн бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайдын өнгөрсөн долоо хоногт хийсэн болон ирэх долоо хоногт хийх гэж буй ажлын талаар сонссон байна. Энэ сарын 27-ны өдөр ОХУ болон Монголын Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр Москва хотноо болохтой холбогдуулан ажлын хэсэг тус улсад очиж ажиллахаар болсон байна. Мөн өнгөрсөн долоо хоногт манай улсад айлчлал хийсэн Европийн комиссын ерөнхийлөгч ноён Ж.М. Баррозог хүлээн авч уулзаж,нийгэм, эдийн засгийн олон чухал асуудлуудыг хэлэлцсэн байна. Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээр хийснээс гадна манай улсын мал аж ахуйн бүтээгдэхүүнийг европийн улс руу хэрхэн экспорлохасуудлыг ч уулзалтын үеэр мөн онцолжээ.

Үүнээс гадна Ерөнхий сайд өнөөдөр Замын-Үүдийг зорьж байгаа бөгөөд Хамарын хийдийн хатуу хучилттай авто замын нээлтэд оролцох аж.

Б.Тэмүүлэн


СЭТГЭГДЭЛ БИЧИХ