Аюулгүй байдлын салбарын сургалтад хамрагдаж байна

“Аюулгүй байдлын салбарын хяналт ба аюулгүй байдлын салбарын засаглал: Парламентын байнгын хороодын үүрэг, хариуцлага” сэдэвт сургалт Төрийн ордонд эхэллээ. Сургалтад Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны зарим гишүүд, Байнгын хороодын зөвлөх, ажилтнууд оролцож байгаа юм. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн М.Батчимэг манай улсын парламентын тухайд хууль тогтоох үйл ажиллагаандаа илүүтэй анхаарч харин засаглалд хяналт тавихад дутуу дулимаг хандаж ирсэн гэж бодож явдгаа хэлээд тэр дундаа парламентаас аюулгүй байдлын салбарт хэрэгжүүлэх хяналт чухлаар тавигдаж байгаа учраас УИХ-ын үйл ажиллагааны хүрээнд салбарын чиглэлээр явагдаж буй анхны энэхүү сургалт нь аюулгүй байдлын салбарын ил тод, хариуцлагатай байдалд бусад орны парламентын хэрэгжүүлж буй арга туршлагаас суралцахад чухал ач холбогдолтойг онцлов.

Сургалтад Женев дэх Зэвсэгт хүчний ардчилсан хяналтын төвийн эрдэмтэн судлаачид болон Гүрж, Катар, Киргизстан, Филиппин зэрэг улсын парламент болон олон улсын байгууллагын төлөөллүүд оролцон арга туршлагаа хуваалцаж байна. Тухайлахад, доктор Филипп Флюри, тус төвийн Шинээр тусгаар тогтносон орнуудын хөтөлбөрийн ахлагч Иден Көүл нар “Парламентын эрх мэдэл, аюулгүй байдлын засаглал” сэдвээр сургалт оролцогчдод танилцуулга хийлээ. Мөн Индонезийн парламентын Төлөөлөгчийн танхимын гишүүн, Хайделбергийн их сургуулийн докторант Адитъя Батара “Парламентын хороондын үндсэн чадавхи”, НАТО-гийн Парламентын Ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга асан Саймон Лунн “Аюулгүй байдлын салбарын хяналт, шинэчлэл дэх парламентын оролцоо:-Баруун, төв, зүүн Европын жишээ” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ