А.Бакей: Р.Амаржаргал гишүүнтэй санал солилцоно

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейтай ярилцлаа.

-Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга, Үндэсний их баяр наадмын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг өнөөдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх байсныг хойшуулсан. Ямар учраас ингэх болов?

-Хууль санаачлагч гишүүд тодорхой хугацаанд хойшлуулах шаардлагатай байна гэж үзсэн. Яагаад гэвэл, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх нь нийт ард түмний баяр учир мэргэжлийн болон төрийн бус байгууллагын оролцоог хангах. Мөн төрийн оролцоог аль болох багасгах шаардлага тавигдаж байгаа. Тиймээс тодорхой хугацаанд хойшлуулах хүсэлт тавьсан.

-Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тэгэхээр Цагаан сараар гурван өдөр амрахаар болж байгаа юу?

{!!!left!!!}-Одоогийн мөрдөж байгаа хуулиар Цагаан сарын шинийн 1, 2-нд нийтээр амардаг. Үүнийг нэг хоногоор нэмсэн. Нийтдээ гурван хоног амрах хуулийн төслийг өргөн мэдүүлсэн байсан. Харин энэ хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж байнгын хорооны олонхи гишүүн дэмжсэн. Энэ дашрамд хэлэхэд, одоогийн мөрдөж байгаа хууль ёсоор Монгол Улсад нийтээр тэмдэглэлт өдрүүд гэхэд 6-7 байгаа. Нийтээр амрах баярын 10 өдөр бий. Тэгэхээр энэ хуулийг баталбал нийтээр амрах өдөр нэгээр нэмэгдэх асуудал гарна.

-Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Р.Амаржаргал гишүүний асуудлыг ярьсан уу?

-Энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд Р.Амаржаргал гишүүний өргөдөл багтаагүй. Өчигдөр УИХ дахь АН-ын бүлэг энэ асуудлаар санал солилцсон. Гишүүд түүний өргөдлийг хэлэлцэхээс өмнө намын дарга, холбогдох хүмүүсийн хүрээнд Р.Амаржаргал гишүүнтэй санал солилцож, зохих хэмжээний хугацаа олгоё гэсэн. Үүний дараа хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Ер нь Р.Амаржаргал гишүүний хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэдэг ерөнхий урьдчилсан саналыг намын бүлгээс гаргасан.

-Дэгийн дагуу ямар зарчмаар явуулах вэ?

-Дэгээр бол УИХ-ын гишүүнээс татгалзсан өргөдөл гаргасан тохиолдолд төдий хугацаанд хэлэлцэж, хүсэлтийг нь шийдэх тухай зохицуулсан хуулийн заалт байхгүй. Тиймээс гишүүн нэгэнт өргөдөл өгсөн учраас хэлэлцэхийн хувьд гарцаагүй. Гэхдээ өөрт нь зохих хэмжээний бололцоо олгож байгааг аль, аль талдаа бодолцох, зөвшилцөх байгаа. Ямар ч байсан энэ асуудлыг хэлэлцэнэ.

-Р.Амаржаргал гишүүн өөрөө үндэслэлээ тайлбарласан уу?

-Одоогоор тайлбарлаагүй байна. Хүндэтгэн үзэх шалтгаан гэсэн ангилалд багтаан өргөдлөө гаргасан. Байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны түвшинд өргөдөл гаргасан шалтгаанаа тодорхой тайлбарлах байх.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ