Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-ын гишүүн А.Тлейхан, С.Бямбацогт нар эдгээр хуулийн төслийг ажлын хэсгийн хуралдаанаар дахин нухацтай хэлэлцэх нь зүйтэй тул хэлэлцэхийг хойшлуулья гэсэн саналтай байв. Харин Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Ирэх жил орон нутагт дэд бүтцийн хөрөнгө оруулалтын томоохон ажлууд хийгдэнэ. Бүтээн байгуулалтын ажил хавар гуравдугаар сараас бараг эхэлнэ. Гэтэл дэд бүтцийг байгуулахад шаардлагатай элс хайрга болон бусад түгээмэл тархалттай ашигт малтмалын нөөц зарим газарт дууссан, зарим газарт илэрц байдаггүй. Тиймээс барилгын үйлдвэрлэл эхлэхээс өмнө хуулиа батлан, цаг хугацаатай уралдан бүтээн байгуулалтаа эхлүүлэх хэрэгтэй байна хэмээн тайлбарласан юм.
Дээрх хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр тогтлоо.
Мөн өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар нарын өргөн мэдүүлсэн Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон уг хуулийг дагалдан гарах хууль, тогтоолын төсөл, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар нарын өргөн мэдүүлсэн Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон дагалдах хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байсан. Эдгээр хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдэх үеэр гишүүд төслүүдийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар мөн хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан юм. Хууль зүйн байнгын хороо дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэн санал, дүгнэлтээ гаргаж амжаагүй байгаа учир Эдийн засгийн байнгын хороогоор анхны хэлэлцүүлэг хийхийг түр хойшлууллаа.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ