Ж.Мөнхбатыг аймшиггүй чин зоригтой хүн гэв

Ард иргэд, намын гишүүд, дэмжигчдээ Тусгаар тогтнолын ордноо хүлээн авч, санал бодлыг нь сонсох “Ард түмний индэр” нээлттэй уулзалт, хэлэлцүүлэг уламжлал ёсоор өнөөдөр боллоо. Энэ удаагийн уулзалтад Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, намын Гадаад харилцаа, төрийн бус байгууллага хариуцсан нарийн бичгийн дарга Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн, нарийн бичгийн дарга Ч.Хүрэлбаатар, Удирдах зөвлөлийн гишүүн Б.Цогтбаатар, Удирдах зөвлөлийн гишүүн П.Анужин, Нийслэлийн намын хорооны Тамгын газрын дарга Б.Баатарзориг нар оролцлоо.
Монгол Ардын нам үйл ажиллагааныхаа шинэчлэлийн хүрээнд долоо хоног бүрийн мягмар гаригт энэхүү уулзалт хэлэлцүүлгийг тогтмол явуулж байхаар болсон билээ. Энэ өдөр намын удирдлагууд иргэдэд бүтэц, үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй танилцуулж байхаас гадна, нийгэм, эдийн засагтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байх юм. Өнөөдрийн уулзалтаар 2013 оны төсвийн тодотгол, 2014 оны төсвийн талаар мэдээлэл өгч, санал бодлоо солилцлоо. Мөн УИХ-аар хэлэлцэж байгаа бусад асуудлын талаар ч хэлэлцсэн юм.
Энэ удаагийн хэлэлцүүлэг уулзалтад намын аппаратад ажиллаж байсан ахмадууд түлхүү оролцсон юм. Тэд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн.
Хан-Уул дүүргийн 79 дугаар үүрийн гишүүн Г.Зандрав
"Их хурлаас гаргасан шийдвэрийг намын бүхий л гишүүдэд танилцуулж байгаа нь сайшаалтай хэрэг байна. Миний бодлоор "Монголын Үнэн" сонинг намын бүхий л гишүүд дэмжигчидэд тараах ёстой. Мөн дараагийн сонгуульд Улаанбаатарчуудын саналыг авах ажлын эрчимтэй зохион байгуулах ёстой гэж бодож байна. Үүнээс гадна манай намын удирдлагууд хүн хүлээн авч уулздаггүй. Хэлсэн үгийг нь тоодоггүй зантай."
Сонгинохайрхан дүүргийн 14 хорооны иргэн Ж.Өлзийбаяр
"Манай намын хамгийн том дутагдал бол хийсэн ажлаа сурталчлахгүй байна. Хийгээгүй биш хийсэн. Гэтэл түүнийг сурталчлахгүйгээр сонгогчдоос санал авч чадахгүй. Энэ ажлыг эхлүүлмээр байна. Мөн 2016 оны сонгууль хоёр жилийн дараа болно. Үүнийг угтаж ажлаа хийх ёстой."
Хан-Уул дүүргийн иргэн Батжаргал
"Улс төрийн үйл ажиллагаагаа хурдасгах хэрэгтэй байна. Яаралтай Сүүдрийн Засгийн газрыг байгуулж ажиллах ёстой. Албаны хувцасаа сольж, ард түмний дунд орж ажилла. Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатын хувьд бол олон жагсаал цуглааныг зохион байгуулж байсан аймшиггүй чин зоригтой хүн. Манай намыг засгийн эрхийг барьж байхад Ардчилсан нам бүхий л зүйлийг улс төржүүлж байсан. Гэтэл одоо манай нам тэгэж чадахгүй байна."
Сүхбаатар дүүргийн 17 хорооны иргэн Дашдорж
"Намын Их хурал болохоос өмнө Тусгаар тогтнолын ордны гадаа Шинэчлэлийн өргөөг босгосон байсан. Миний хувьд тэрхүү өргөөгөөр ороод гарахад залуучууд намын шинэчлэл гэхээс илүүтэйгээр сандал ширээний төлөө тэмцэж байгаа мэт санагдсан. Намын даргад өрсөлдсөн Т.Аюурсайханыг өмнө нь нэг ч удаа харж байгаагүй. Тэдгээр залуучууд бол явахгүй. Манай намын хувьд олон жил засгийн эрхийг барьсан. Энэ ч утгаараа ард түмэн залхаад шоконд орчихсон байна. Энэ шокноосоо одоо хүртэл гараагүй байгаа нь дараагийн сонгууль хүнд болохын дохио юм." гэв.
Ийнхүү Монгол Ардын нам долоо хоног бүр иргэд, дэмжигчидтэйгээ уулзаж, ярилцаж байхаас гадна нийслэлийн есөн дүүрэг, хөдөө орон нутагт очиж, XXVII Их хурлын бодлого, шийдвэрийг гишүүд, дэмжигчиддээ танилцуулах, эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцах сарын аянг зохион байгуулж эхлээд байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын удирдсан баг бүрэлдэхүүн өнөөдөр Дундговь аймгийн иргэд, дэмжигчидтэй уулзаж байгаа бол УИХ-ын гишүүн О.Содбилэг Өвөрхангай аймагт ажиллаж байна. Тэд маргааш Өмнөговь, Баянхонгор аймагт тус тус ажиллана.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ