МАХН-ын гишүүд Н.Энхбаярын эсрэг хөдөлж эхэллээ

МАХН-ын дарга Н.Энхбаяр суллагдсан даруйдаа БНСУ-ыг зорьсон.
Хоёр ч удаагийн хагалгаанд ороод байгаа бөгөөд намын нөхөд нь биеийн байдал нь сайжраагүй гэсэн мэдээллийг цаг тутамд өгч байгаа.
Гэтэл түүнийг Солонгос улсын Буддын шашны тэргүүн хамба ламд бараалхсан, загварын шоу үзэж байна гэсэн бор шувуу нисэх болсон.
{---left---}Харин хэзээ эх орондоо ирж, улс төрийн ажлаа үргэлжлүүлэх нь тодорхой бус байгаа. Учир нь биеийн байдал сайжирсан цагт л ирнэ гэсэн мэдээллийг өгч байгаа.
Гэтэл тус намын гишүүд нэгэн зоригтой шийдвэр гаргажээ.
Учир нь намын дарга Н.Энхбаярыг ажлаа өгөхийг хүссэн утга бүхий захидал түүнд илгээсэн байна.
{!!!left!!!}Энэхүү захидалд “Монголын ард түмний өмнө том алдаа гаргасан гэж та бидний үзэж бусдад ойлгуулсаар ирсэн МАН-ын гишүүн С.Баяр, Ерөнхий сайд Сү.Батболд, У.Хүрэлсүх нар намын удирдлагаасаа татгалзаж чадсан байхад албан тушаал биш, ажил хийх нь миний зорилго хэмээн тунхагласаар ирсэн манай намын дарга эрхэм хүндэт Н.Энхбаяр таныг албан тушаалаасаа татгалзаж чадна гэдэгт бид огтхон ч эргэлзэхгүй итгэж байна” гэжээ.
Яагаад ийм шийдвэр гаргах болсон нь сонин. Тэдний тайлбарлаж байгаагаар түүний биеийн байдал хэзээ сайжрах нь тодорхой бус бөгөөд энэ байдал нь намын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа гэж үзсэн байна.
Сүүлийн өдрүүдэд МАХН-д нэлээд олон асуудал үүсээд байгаа. Удахгүй болох намын Бага хурлаар намын дарга болон бусад удирдлагын асуудлыг хөндөхөөр бэлдсэн сурагтай.
Ийнхүү МАХН-ын гишүүд хайрлаж, хүндэлж ирсэн намын даргынхаа эсрэг хөдөлж эхэллээ. Харин Н.Энхбаяр дарга намын гишүүдийн хүсэлтийг хүлээн авч ажлаа өгөх үү гэдгийг цаг хугацаа харуулна.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ