Засгийн газраас уран боловсруулах заалт оруулжээ

УИХ-ын чуулганаар энэ долоо хоногт УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын бүрэн эрхээсээ татгалзах өргөдлийг хэлэлцэх байсан ч хойшлогдсон юм.
Төрийн байгуулалтын байнгын хороон дээр энэхүү асуудлыг хэлэлцээд УИХ-аар оруулах ёстой. Гэтэл Төрийн байгуулалтын байнгын хороон дээр энэхүү асуудлыг хэлэлцээгүй. Учир нь Ардчилсан намын гишүүд түүний өргөдлийг хэлэлцэхээс өмнө намын дарга, холбогдох хүмүүсийн хүрээнд Р.Амаржаргал гишүүнтэй санал солилцох тул зохих хэмжээний хугацаа олгохыг хүссэн байна. Харин Ардчилсан нам бүлгийн хуралдаанаар авч хэлэлцсэн бөгөөд түүний өргөдлийг хүлээн авахаас татгалзаж байгаагаа илэрхийлсэн юм.
Чуулганы баасан гаригийн хуралдаанаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх хүрээнд УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авлаа. Тус бүлэг завсарлага авсан үндэслэлээ Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод заасан зарим заалттай Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төсөлд орсон заалт зөрчилдөж эхэлсэн учраас тав хоногийн хугацаатай завсарлага авч байгаа гэсэн юм.
Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж ажлын хэсгээс оруулж ирсэн 80 гаруй зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж дуусгаснаар эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Хэлэлцүүлгийн гишүүдийн анхаарал татаж байсан бол асуудал бол ураны шар нунтаг боловсруулах тухай заалт оруулсан байсан явдал юм. Гэвч дээрх хуулийн төслийг боловсруулах үүрэг хүлээсэн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн тайлбараар бол Засгийн газраас оруулж ирсэн төсөлд ураны шар нунтагийг боловсруулах гэсэн заалт байсныг бүрмөсөн хассан гэсэн юм.
Энэ долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Зүүн Азийн орнуу буюу Сингапур, Хонконг, Вьетнам, Мьянмар зэрэг орнуудад хийх төрийн айлчлал эхэлсэн юм. Айлчлал Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсаас эхэлсэн бөгөөд тус улсын ерөнхийлөгч Тейн Сейн түүнийг хүлээн авч уулзсан юм. Ерөнхийлөгч МХБНУ-ын Ерөнхийлөгч Тейн Сейнтэй ганцаарчилсан уулзалт хийсэн бөгөөд уулзалтын үеэр тус улсын ерөнхийлөгчид хандан халуун дотноор угтан авсанд талархал илэрхийлээд хоёр орны харилцааг цаашид эрчимжүүлэх тал дээр анхаарлаа хандуулж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллана гэдгээ дурдсан юм.
Тэрбээр айлчлалын үеэр Мьянмарын Ардчиллын төлөө үндэсний холбоо намын тэргүүн Ан Сан Су Читэй уулзсан юм. Уулзалтын үеэр тэрбээр “Гурван жилийн дараа миний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болно. Тэгэхэд би энд эргэж ирнэ гэж бодож байгаа. Мьянмарын ард түмэн, Ан Сан Су Чи та бүхэнтэй эргэж тухтай уулзана. Ингэж уулзахын өмнө та бүгдийг Монголд айлчлахыг хүсч байна. Бид эх орондоо нэг ч хүний хамраас цус гаргалгүй, нэг ч цонх хагалалгүй ардчиллыг авчирсан. Энэ өөрчлөлтийг хийхэд Үндсэн хууль, сонгуулийн хууль зэргийг өөрчлөх арга хэмжээ чухал үүрэг гүйцэтгэсэн. Мөн санал хураах машиныг нэвтрүүлснээр шударга сонгууль явуулах боломж бий болгосон. Ардчиллын шилжилтийг эдийн засгийн, улс төрийн гэх мэт шат дараалалтай гүйцэтгэх ёстой гэсэн ойлголтыг бид эвдсэн. Ялангуяа Азийн орнуудад ардчиллын шилжилтийг зөвхөн шат дараалалтай хийх боломжтой гэж үздэг байсан. Гэтэл монголчууд бид үүнийг нэг далайлтаар хийж, олон намын тогтолцоо, зах зээлийн системийг нэгэн зэрэг бий болгож чадсандаа бахархдаг” гэсэн.Энэ удаагийн айлчлал Мьянмарын нутагт 730 жилийн дараа хөл тавьсан Монголын анхны төлөөлөгчид болж байгаагаараа онцлогтой бөгөөд дипломат болон албан паспорттой иргэдийг хоёр улсын хооронд зорчиход нь визээс хөнгөлөх тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан.
Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлал Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаар үргэлжилсэн юм. Тэрбээр тус улсын ерөнхийлөгч Чыонг Тан Сантай уулзсан бөгөөд уулзалтын үеэр батлан хамгаалахын салбарт хоёр талын харилцаа өргөжин тэлж буйд сэтгэл хангалуун байдаг. Цаашид энэ харилцааг бид улам бүр өргөжүүлэх, энхийг сахиулах хүчний чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа уламжилсан юм. Айлчлалын үеэр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар хоёр улсын хуулийн байгууллагууд терроризм, мөнгө угаах, хүн худалдаалах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт зэрэг үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх эрх зүйн үндэс бий болно. Мөн дээрх гэмт хэргүүдийн талаар харилцан мэдээлэл солилцох, туршлага судлах, хамтарсан сургалт зохион байгуулах эрхтэй болох юм.
Мөн энэ долоо хоногт Монгол Улс Бүгд Найрамдах Уганда улстай Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоосон. Бүгд Найрамдах Уганда Улстай дипломат харилцаа тогтоосноор хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд харилцан дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах илүү боломж нээгдэж байна. Тухайлбал, далайд гарцгүй хөгжиж орнуудын эрх ашгийг хамгаалах, уул уурхайн салбарт харилцан туршлагаа хуваалцах боломжтой болж байгаа юм.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ