Р.Амаржаргалыг албадан ажлыг нь хийлгүүльеье

Энэ долоо хоногт мөн л УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын асуудлыг хэлэлцэхээргүй болж байх шиг байна. Учир УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн ажлын хуваарьт дээрх асуудал багтаагүй байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар энэхүү асуудлыг хэлэлцсэний дараа УИХ-ын чуулганаар оруулж ирнэ. Гэтэл тус байнгын хорооны хэлэлцэх асуудалд ч бас багтсангүй. Ийнхүү түүний асуудлыг хэзээ хэлэлцэх нь бүрхэг болоод байна.
Өнгөрсөн долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Гишүүд түүний өргөдлийг хэлэлцэхээс өмнө намын дарга, холбогдох хүмүүсийн хүрээнд Р.Амаржаргал гишүүнтэй санал солилцож, зохих хэмжээний хугацаа олгоё гэсэн. Үүний дараа хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн” гэсэн тайлбарыг өгсөн. Тэрбээр энэхүү тайлбарыг дахиад л өгөх бололтой. Учир нь Ардчилсан намын бүлгээс түүний өргөдлийг хүлээж авахаас татгалзаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд түүнтэй уулзаж, санал солилцон гэсэн боловч өнөөдрийг хүртэл уулзаагүй учир ийнхүү хойшлогдоод байгаа аж. Намын дарга Н.Алтанхуяг “хувь хүний асуудал” хэмээн өөрөөсөө хөндийрүүлж, энэ талаар ярих дургүй байгаагаа олонтаа илэрхийлсэн. Гэтэл журмын нөхөд нь түүнийг зүгээр тавиад явуулахыг хүсэхгүй байна.
Р.Амаржаргал гишүүн яагаад намын нөхөдтэйгээ уулзахгүй байгаа нь сонин. Түүний хувьд гишүүний бүрэн эрхээсээ татгалзана гэдэгтэй бүрэн итгэлтэй байгаа. Тэр ч утгаараа тэрбээр өнгөрсөн долоо хоногт Төрийн ордон дахь ажлын өрөөнөөсөө ном, зураг, бичгийн хэрэгсэл гээд эд зүйлсээ гэр рүүгээ зөөсөн бөгөөд байнгын хороо болон чуулганы хуралдаанд суугаагүй. Өргөдлөө өгсөн цагаас хойш Төрийн ордонд түүний гэгээн дүрийг нь барагтаа л хараагүй. Үнэхээр тэрбээр улс төрөөс залхаж, ийм үйлдэл гаргах болсон уу гэвэл үгүй байх. Намын нөхөдтэйгээ ч уулзахгүй зугтаж байхыг бодоход түүнд нэг учир байна. Магадгүй намын нөхөдтэй хийх гэсэн тохирообүтэхгүй байх шиг байна.
Ямартай ч түүний асуудал дахиад долоо хоногоор хойшлогдлоо. Ийнхүү 14 хоног тэрбээр ажлаа хийхгүй. Угийн “сул гишүүн” гэсэн алдрыг зүүдэг тэрбээр жинхэнэ утгаараа боллоо доо.Хэдийгээр улс төрийн тоглолт явагдаж байгаа ч түүний ард олон мянган сонгогчийн эрх ашиг байгаа гэдгийг анхаарах нь эрхэм гишүүн Р.Амаржаргал болон намын нөхөд нь сануулах нь зүйн хэрэг байх аа. Сүхбаатар дүүргийн иргэд сонгогчдын итгэлийг хүлээж, тэдний сайн сайхны төлөө ажиллана хэмээн тангараг өргөсөн түүнд ажлаа өөрийн дур зоргоор хаях эрх байхгүй.
Болохгүй бол албадан ажил хийлгүүлсэн ч яадын.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ