"Засгийн газрын гишүүн, УИХ-ын албыг давхар хаших ёсгүй"

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаар Сангийн яамнаас Өрийн удирдлагын тухай хуулийн талаар мэдээлэл сонссон байна. 2014 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэж байх үед Монгол Улсын гадаад өр, Засгийн газрын өр хэд байгаа, цаашид хэрхэн вэ гэдэг нь тодорхойгүй байсан юм. Тиймээс УИХ-ын зүгээс Өрийн удирдлагын тухай хуулийг шинэчлэн боловрсуулах санал гаргасан билээ. Үүний дагуу АН-ын бүлэг Сангийн яамнаас Өрийн удирдлагын тухай хууль боловсруулалтын явц болон Монгол Улсын одоогийн өр, цаашид ямар чиглэл барих талаар мэдээлэл сонссон байна. Сангийн яам ирэх сарын дотор Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулан өргөн барихаар төлөвлөжээ. АН-ын бүлгийн зүгээс Сангийн яамнаас боловсруулж буй дээрх хуулийн төслийг дэмжиж байгаа бөгөөд 2014 онд эдийн засгийн хөгжлийг тэлэх чиглэл рүү үзэл баримтлалаа болгож явж байгааг бүлгийн дарга Д.Эрдэнэбат онцоллоо. Үүнтэй холбоотойгоор Өрийн удирдлагын тухай эрх зүйн тогтолцоог тодорхой болгох ёстойг АН-ын бүлгийхэндэмжиж байгаа гэв.

Үүний дараа АН-ын бүлэг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар "Том төрөөс ухаалаг төр лүү" үндэсний зөвлөлдөх уулзалтын үеэр хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр хэд хэдэн саналуудыг гаргасан. Үүн дотор УИХ, Засгийн газрын чиглэлийн үйл ажиллагаагаар хийгдэх хуулийн саналуудыг гаргаж, АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар энэ саналуудыг шуурхай хэрэгжүүлж, монголын ирээдүй, нийгэм эдийн засгийг эрүүлжүүлэхэд чухал үүрэг бүхий заалтууд байгаа гэж үзжээ. Тийм учраас бүлгийн дэд дарга С.Одонтуяагаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан байна. Тодруулбал, тус ажлын хэсэг дээрх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход 2014, хавар, намрын чуулганаар шуурхай шийдвэрлэж болох хуулийн жагсаалтуудыг хаанаас санаачилж гаргах вэ гэсэн ангиллыг гаргах юм байна. Тодруулбал, Ерөнхийлөгчөөс ямар хууль санаачлах, УИХ, Засгийн газар ямар хуулийн төсөл санаачлах вэ гэдэг жагсаалтыг нарийвчлан гаргах юм байна.

Үүний дараа АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.

-Сонгуулийн тухай хуулийн талаар санал солилцсон уу. Намын жагсаалтын хувь хэмжээг нэмэгдүүлэх талаар АН-ын бүлэг ямар байр суурьтай байна вэ?

-Сонгуулийн нэгдсэн хуулийн ажлын хэсэг ажиллаж байгаа. Ажлын хэсгүүд тодорхой ийм зүйл заалт гарч ирж байна гэсэн саналыг бүлэгт оруулж ирээгүй. Он гарангуут бусад намуудтай зөвшилцөөд энэ хуулийн төсөл рүү шамдан оръё гэж байгаа. Хамгийн гол зарчим нь парламентад суудалтай намууд энэ хуульд нэгдсэн байр суурьтай болж байж, энэ хууль батлагдана. Тогтолцооны хувьд өнөөдрийн хэрэгжиж байгаагаар явах уу гэдэг дээр эцэслэн шийдээгүй. Гэхдээ ажлын хэсэгт байгаа гишүүдэд ер нь пропорцональ, мажоритари тогтолцоог 50/50 хувь байхаар чиглэлийг өгсөн.

-Одоогийн мөрдөгдөж байгаа хууль зөрчөөдМонгол Улсын нийт өр 49 хувь болсон гэдгийг эдийн засагчид онцолж байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар 60 хувьд хүрэх талаар хуульд тусгасан ч унасан. Үүнээс болж бүтээн байгуулалт зогсоно гэсэн байр суурийг ч илэрхийлээд байгаа?

-Өрийн удирдлагын тухай хууль Засгийн газрын өрийн асуудал төсөвтэй холбоотой асуудлуудыг тодорхойлж гаргаж ирнэ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд улсын өрийг тодорхойлж байгаа юм. Ер нь Дэлхийн банкны зөвлөмж гаргаснаар, Монгол Улсын улсын өрийн хэмжээ 58 хувийн хязгаарлалт байхад эдийн засгийн эрсдэл хүлээхгүй гэсэн. Мөн өнөөдрийн байгаа 40 хувь нь улсын өрийн хэмжээ нь гаднаас зээл авах эрхийг хүчтэй хязгаарласан. Хүлээгдэж байгаа олон бүтээн байгуулалтыг зогсоохбайдал үүсгэсэн нь гарцыг хайхад хүрч байгаа юм. Бид Монгол Улсын өрөнд оруулах тухай бус эдийн засгийг тэлэх, бүтээн байгуулалтыг богино хугацаанд хийх зааг ялгааны асуудал дээр үзэл бодлоын зөрүү гараад байна гэж ойлгож байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хуулиудыг дахин харж үзэх ёстой гэдэг байр суурин дээр АН-ын бүлэг хэвээрээ байгаа. Тиймээс энэ асуудал дээр дахин улстөрийннамуудтай зөвшилцөлд хүрэх шаардлага гарч байгаа юм.

-"Том төрөөс ухаалаг төр лүү" үндэсний зөвлөлдөх уулзалтын үеэр Ерөнхийлөгчийн хэлсэн нэг гол байр суурь нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг намууд авч үзэж, аль нэг тийш нь шийдвэрлэхийг сануулсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний үүргийн давхар хаших нь буруу гэсэн санааг илэрхийлсэн. АН-ын бүлэг энэ асуудалтай санал нэгдэх үү?

-"Том төрөөс ухаалаг төр лүү" үндэсний зөвлөлдөх уулзалтын үеэр Ерөнхийлөгчийн хэлсэн санааг АН-ын зүгээс дэмжиж байгаа. Засгийн газрын гишүүн, УИХ-ын албыг давхар хашихгүй гэдэг дээр Үндсэн хуулийн өөрчлөлттэй АН санал нэг байгаа. Харин энэ хуулийн хэрэгжилтийг дараагийн сонгуулийн үеэс эхлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, 2016 оны долдугаар сарын 1-ээс эхлэн үйлчилж эхэлнэ гэсэн зарчим баримталж байна.

-Р.Амаржаргал гишүүний асуудлыг хэзээ хэлэлцэх вэ?

-АН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт гаргасан байр суурин дээрээ байгаа. Хэзээхуралдаж, шийдвэрлэхийг УИХ-ын мэдэх асуудал.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ