Г.Шийлэгдамба: Н.Удвал сайд гомдол мэдүүлсэн

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбатай ярилцлаа.
-МАХН-ын Бага чуулган болж өндөрлөлөө. Энэ удаагийн Бага чуулганыг дүгнэвэл?
-МАХН-ын ээлжит 10-р бага чуулган хуралдаж өнгөрлөө. Ээлжит хуралдаан учраас өмнө нь бага чуулганаараа хэлэлцэх асуудлыг хэлэлцэж тохирсон байсан. Тухайн үедээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр миний бие энэ талаар мэдээллэж байсан. Энэ хүрээнд бага чуулганы хуралдаан амжилттай болж өнгөрсөн бөгөөд энэ чуулганаар бид үндсэн хоёр асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан. Эхний асуудал нь 2013 оны ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас оролцсон байдлын тухай илтгэлийг намын дэд дарга тавьж, хоёр дахь асуудал нь 2014 оныг МАХН-ын анхан ба дунд шатны байгууллагыг бэхжүүлэх жил болгон зарласны дагуу хийсэн ажлынхаа тайлан илтгэлийг ерөнхий нарийн бичгийн дарга миний бие тавьж хэлэлцүүллээ. Улмаар энэ хоёр илтгэлтэй холбогдолтой санал шүүмж тавигдсаны дээр оны эцэс ирж буйн дашрамд энэ жилдээ хийсэн ажлаа тайлагнах, намын ажлын ололт амжилт, алдаа оноог дүгнэсэн амжилттай сайхан хурал боллоо. Нөгөөтэйгээр дээрхи хоёр асуудлаас үүдэж намын өнөөгийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч цаашдын зорилтоо тодорхойлоход чиглэсэн ихээхэн чухал санал дэвшигдэж, уг асуудлын дагуу тогтоол гаргажг, энэ тогтоол нь намын бүх шатны байгууллагуудын чиглэл болсон. Улмаар он гараад хуралдах намын Их чуулганы бэлтгэл ажил хангах, тухайн хурлаар дамжуулан Монгол Улсын өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдалд дүгнэлт өгч, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа бодлого, чиглэлийг тодорхойлох гэх мэт маш тодорхой асуудлыг авч хөндсөн төслийг гаргасан. Мөн нэг яригдсан асуудал бол сүүлийн үед манай намын тухай тэр дундаа намын дарга, удирдлагуудтай холбоотой буруу ташаа мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ихээхэн гарч байна. Энэ бүгдийн цаана тодорхой улс төрийн хүчин, намын нэрийг барьсан зарим хүмүүсийн болчимгүй үйл ажиллагаатай холбоотой. Манай намын өдөр тутмын үйл ажиллагаа, цаашлаад намын удирдлагуудын нэр хүндэд халдсан зохион байгуулалттай гүтгэлгийн шинж чанартай асуудал байна. Энэ явдлыг ч Бага чуулганаар авч хэлэлцэж тодорхой мэдэгдэл гаргах ёстой гэсэн шийдвэрийг гаргасан. Үүний дагуу МАХН-ын Бага чуулганы зүгээс мэдэгдэл гаргаж байна. Ер нь энэ мэтчилэн бага чуулганаар хэлэлцэхээр тохирсон асуудлуудаа хэлэлцсэн. 70-аад хувийн ирцтэй хуралдаан болсон.
-Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон байдлыг юу гэж дүгнэсэн бэ?
-Ерөнхийлөгчийн сонгуульд манай намын зүгээс тодорхой зорилт дэвшүүлж оролцсон. Ерөнхийлөгчийн сонгуулийг тойрсон нэлээдгүй асуудлыг Бага чуулганаар хэлэлцсэн. Мэдээж манай нам ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаагүй. Гэхдээ ерөнхийлөгчийн сонгуульд оролцсоноороо МАХН нь улс төрийн бие даасан гуравдагч хүчнийг төлөөлж байгаа улс төрийн намын хувьд Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн орчинд маш том нөлөө үзүүллээ гэж дүгнэж байгаа. Нөгөөтэйгээр энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон явдал нь онцгой ач холбогдолтой байлаа. Хоёрдугаарт энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн нэр дэвшигчийн хувьд их онцлогтой байсан. Анх удаа эмэгтэй нэр дэвшигчийг дэвшүүлснээрээ Монголын улс төрд цаашид их том чиг хандлагыг нээж өгсөн амжилтын талаар ярилцсан. Мөн цаашид ерөнхийлөгчийн сонгуулийг зохион явуулахад төр, улс төрийн намаас хамаарах асуудал бол харьцангуй хүч тэнцвэргүй байдлаар сонгуулийг явуулж байна. Бусад намууд маннь дэвшүүлсэн нэр дэвшигчийнхээ төлөө хэдэн тэрбумаар нь тоологдох хөрөнгийг сонгуульд зарцуулж байгаа. Энэ мөнгийг улс төрийн намууд хэрхэн гаргаж байна вэ, цаашдын улс төрийн намуудын санхүүжилтийн асуудал үүнээс үүдсэн хүч тэнцвэргүй байдлын доголдол. Манай намын зүгээс энэ сонгуульд нэг тэрбум хүрэхгүй хөрөнгийг энэ сонгуульд зарцуулсан. Үүний цаана сонгууль шударга бус болох, сонгогчийн саналыг мөнгөөр худалдан авах механизм батлагдсаар байна. Монгол Улсад бүх шатны сонгууль зохион байгуулахад аль болох мөнгөний сонгууль болгохгүй байх, шударга сонгууль явуулахын төлөө хууль эрхзүйн орчиндоо улс төрийн сонгууль явуулах зохицуулалт хийхэд өөрийн намын гишүүдээрээ дамжуулан оролцох, хар хайрцагны асуудлыг ч даруйхан шийдвэрлэх ёстой зэрэг саналуудыг Бага чуулганы гишүүд тавьсан. Чуулганаас гарсан тогтоолын төсөлд ч энэ асуудлууд багтсан байгаа.
Түүнчлэн намын үйл ажиллагаанд алдаа дутагдалтай, амжилт ололтууд байна.Жишээ нь намын анхан ба дунд шатны байгууллагуудыг хөгжүүлэхэд юуны өмнө санхүүгийн асуудал, боловсон хүчин хүний нөөцийн асуудал тулгардаг. Цаашдаа улс төрийн намуудын хуулинд өөрчлөлт оруулж, улс төрийн намуудын санхүүжилтэд өөрчлөлт оруулах, гишүүнчлэлийн асуудлыг нэг талдаа шийдвэрлэх, гишүүнчлэлийн асуудлаас болж ялангуяа хөдөө орон нутагт ихээхэн талжилт явагдаж байна. Нийгмийн хөгжлөөс хойш татаж байгаа нэг том шалтгаан нь хэт намчирхах улс төрийн байдал зэрэг олон тодорхой асуудлыг хэлэлцэж тавьж байгаа. Дараагийн асуудал нь намын эв нэгдлийн талаархи асуудал байна. Ер нь ардчилсан системд шилжсэнээс хойш 20-иод жилийн хугацаанд манай улс төрийн намууд маш их эв нэгдэл муутайгаар улс төрийн үйл ажиллагаа явуулж ирсэн. Үүнээс шалтгаалаад манайх шиг хүн ам цөөтэй улс орны хувьд ард түмний дунд хурцадмал зөрчлийг бий болгож байна. Нэг намыг албаар дотоодын хагаралтай мэт харагдуулах, нам хоорондын зохион байгуулалтай зөрчилдөөнийг бий болгодог, нэр хүндэд нь халдах гэх мэт зохисгүй үйл ажиллагаа улс төрийн намуудын дунд их бий. Энэ асуудал дээр нам бүр өөрийн гишүүдэд сахилга бат, хариуцлагыг өндөржүүлье, намынхаа эрх ашгийн төлөө шударга ёсыг эвдэж байгаа асуудал дээр намын гишүүд маш хариуцлагатай байж, бусдын нөлөөнд автахгүй байх, олонхийн төлөө гаргасан хамтын шийдвэр дээрээ бат зогсох, хэн нэгэн хүмүүсийн жижиг эрх ашигт хөтлөгдөн намынхаа том эрх ашгийг хөндөхгүй байх ёстой гэсэн саналуудыг тавьсан. Дараагийн нэг асуудал бол манай намын зарим гишүүд шударга ёсны анхдагчид гэсэн томъёолсон мэдэгдлийг намын зарим гишүүдэд ирүүлсэн байсан тухай бид ярьсан. Тэр тусмаа манай намын гишүүд намын удирлага хийгээд намын асууалд өөрсдийн байр сууриар хандаж байгаа нь зүй ёсны асуудал. Тиймээс ч би тэр хүмүүсийг намын гишүүдийн хувиар байр сууриа илэрхийлж байгааг нь хүндэтгэлтэй хүлээн авах ёстой. Тэр ч утгаараа тэдгээр хүмүүстэй уулзан бодол саналыг нь хүлээн авч ярилцах ёстой гэж үзэж байгаа. Харин намын эв нэгдлийн эсрэг чиглэсэн, намын удирдлагуудын нэр хүндэд зүй бусаар халдсан үйл ажиллагааг хэний захиалгаар, хэний явуулгаар гүйцэтгэж байгаа вэ? гэдэгт манай бага чуулганы гишүүд маш эмзэг хандсан. Намынхээ эсрэг, Монголын шударга ёсны төлөө гэсэн хүмүүсийн эсрэг ямар нэгэн үйл ажиллагаа явуулж болохгүй. Энэ нь МАХН-ын нэрийг барсан шударга бус үйл ажиллагаанд оролцсон шударга хүн гэж байж болохгүй гэсэн үүднээс бага чуулганы гишүүд байр сууриа илэрхийлсэн.
Нам гэдэг улс төрийн төлөө хамтын шийдвэр гаргадаг, өөрийн бодол санаанд нийцэхгүй байсан ч олонхийн шийдвэрт тууштай бат зогсдог байх нь ардчиллын зарчим байх ёстой. МАХН зарчмын шинэ шатанд гарахын төлөө үйл ажиллагаагаа явуулж байгаа. Өнгөрсөн хоёр жилийнхээ үйл ажиллагааг дүгнээд хэлэхэд их тэмцэл хөдөлгөөний шинжтэй байлаа. Тэгэхээс ч өөр аргагүй байсан. Намын даргад тохиолдсон зүйлийн дээр өнгөрсөн хоёр жилийн хүрээнд гурван удаагийн сонгууль явагдсан. Энэ ч утгаараа манай нам өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тэмцэл хөдөлгөөний нам байсан бол одоо үлдсэн хоёр жилдээ парламент суудалтай улс төрийн намын хувьд намынхаа үйл ажиллагааг илүү төлөвшүүлж бэхжүүлэхэд чиглэнэ гэж үзэж байгаа учраас бүх гишүүд намынхаа нийтлэг эрх ашгийн төлөө байр суурьтай байгаасай гэж үзэж байгаа.
-Чуулганы үеэр МАН-тай нэгдэх санал санаачлагыг гарсан уу?
-Гишүүдийн зүгээс МАН-тай нэгдэх асуудлыг намын удирдлагууд шийдэхгүй. Нийт намын гишүүд дэмжигчид шийдвэр гаргаах ёстой гэсэн саналыг дэвшүүлсэн. Харин МАН-тай нэгдэх талаар санал гараагүй.
-Чуулганы үеэр МАХН-ын хуучин гишүүдийг хасч, МАН-ын гишүүдийг элсүүлсэн гэх яриа байна?
-МАХН нь 90 жилийн түүхтэй нам гэж бид үздэг. Нэгэн үе хамт зүтгэж байсан намынхан хоёр хуваагдахад МАХН гэсэн нэрээ хамгаалж авч яваа нам гишүүд дэмжигчид нь бид юм. Тийм ч үүднээс анхдагч гэж ярихдаа хүрвэл 90 жилийн өмнөх явдлыг ярих ёстой. Одоогоор анхдагч гэж ярьж яваад байгаа хүмүүс бол намынхаа нэрийг хадгалж авч үлдэхэд тодорхой хувь нэмрээ оруулсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Энэ ч үүднээс бид энэ хүмүүстээ хүндэтгэлтэй ханддаг. Энэ утгаараа энэ асуудлыг хэвлэл мэдээллээр ярьж яваа нэр бүхий хүмүүс яваандаа өөрсдийн буруу зөвийг ойлгох болов уу. Намын нийтлэг эрх ашгийг хөндсөн зүйл хийснээ ойлгож ухаарах хүмүүс гэдэгт бид итгэдэг. Манай намд анхдагч, хоёрдогч гэсэн ойлголт байж болохгүй. Цаашдаа ч МАХН-д элсэх олон дэмжигчид бий. Тэр хүмүүст намын нийтлэг эрх ашгийн үүд хаалга нээлттэй байх ёстой.Манай намд гишүүдээ ялгаварлах үзэл байхгүй. Тиймээс энэ яригдаад байгаа анхдагч гишүүдийг ялгаварлаж байна гэдэг асуудал утгагүй юм. Өнөөдөр элссэн ч,өчигдөр элссэн ч, маргааш элсэх хүн ч эрх үүрэг адил байгаа. Дараагийн асуудал бол хасагдсан гэх хүмүүсийн асуудал. Өчигдөр хуралдсан хуралдаанаар зохион байгуулалтын ямар ч асуудал яригдаагүй. Тэгэхээр хэн нэгэн хүнийг нэмж оруулах, хасах шийдвэр бага чуулганы хуралдаанаар огт гараагүй. Эндхөндөгдөж байгаа асуудал бол манай намын Бага чуулганы гишүүд өөрчлөгдсөн. Гэвч энэ асуудал нь одоогоос тодорхой хугацааны өмнө орон нутагт бол орон нутагтаа, нийслэлд бол нийслэлийн есөн дүүрэгтээ хийгдэж хуралдсан хуралдаанаас гаргасан шийдвэр. Энэ шийдвэр нь протокол, дүрэм журмын хувьд хүчин төгөлдөр зүйл. СХД-ийг авч үзвэл өмнө нь бага чуулганы 30 гаруй төлөөлөгчидтэй байсан бөгөөд саяхан хийсэн өөрчлөлтөөр 20 болж багассан. Зарим орон нутагт бага чуулганы төлөөлөгчдийн тоо нэмэгдсэн. н.Оюунбилэг өмгөөлөгчийн хувьд өөрийн байр сууриа чуулганы үеэр илэрхийлсэн. Тэрбээр өмгөөлөл үзүүлж байгаа тохиолдолд улс төрин намын үйл ажиллагаанд оролцохыг хориглосон байдаг. Тэр утгаараа ажлаа өгөх өргөдлөө өгсөн бөгөөд түүний дагуу шийдвэрлэсэн. н.Эрдэнэтуулын хувьд Бага чуулганд квотоор орсон байсан. Энэ удаагийн чуулганаар квот гэдэг асуудал байхгүй болсон. Түүний хувьд намын анхан шатны байгууллагаас сонгогдож орж ирэх ёстой. Гэвч сонгогдож чадаагүй. Ийм л зүйл болсон.
-Чуулганд оролцогчдын зүгээс намын өнөөгийн удирдлагыг огцрохыг шаардсан гэсэн?
-Тийм зүйл болоогүй. Намын удирдлагын асуудлыг намын Их чуулганаар хэлэлцэнэ.
-Эрүүл мэндийн сайд Н.Удвал чуулганы үеэр нэлээд хатуу үг чулуудсан гэсэн?
-Н.Удвал сайдын хувьд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр манай нам нэг талаараа сайн ажилласан ч нөгөө талаараа бас дутагдалтай зүйл байгаа гэсэн юм. Зарим нэр бүхий хүмүүс намын бодлого гарсан байхад өөр намын нэр дэвшигчийг дэмжсэн гэсэн гомдлыг мэдүүлсэн. Тухайлбал, МАХН-ын дэмжигчдийн холбооны тэргүүн гэсэн Баярсайхан МАН-д ажиллаж, бидэн рүү ус цацаж ажилласан.
-Бага чуулганы мэдээллийг хэзээ намын дарга Н.Энхбаярт хүргэх вэ?
-Удахгүй би БНСУ-ыг зорино.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ