Н.Энхбаяр Ч.Даваабаярыг өмгөөлж эхэллээ

МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатар Үндэсний олон нийтийн телевизийн захирал Ч.Даваабаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаалыг энэ сарын 22-ны өдөр гаргасан.
Түүнийг “цалин, төсөв хэтрүүлсэн, салбарын захирлуудынхаа мөнгө булхайг илрүүлээгүй, удирдаж чадаагүй” гэсэн шалтгаанаар ийнхүү ажлаас нь чөлөөлөөд байгаа юм.
Үндэсний зөвлөлийн гишүүдээс М.Наранбаатарыг Ч.Даваабаярын асуудалтай танилцах тав хоногийн хугацаа өгсөн ч М.Наранбаатар шийдвэрээ нэг хоногийн дотор гаргасан билээ.
Харин түүний гаргасан шийдвэрийг Ч.Даваабаяр эсэргүүцэж, хууль бус тушаал гаргасан, эрх зөрчсөн асуудал боллоо хэмээн Үндэсний зөвлөл болон БГД-ийн шүүхэд гомдол гаргасан юм. Тэрээр “Энэ эрхэлж байгаа албан тушаал хүн халах, ажилд авах эрхгүй. Зүгээр дамжин өнгөрөх төдий албан тушаал юм. Би энэ суудалдаа үлдэх гээд зууралдаад байгаа юм биш. Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэж, зөрчигдсөн эрх, нэр хүндээ сэргээлгэх ёстой гэж үзэж байна” хэмээн өөрийн байр суурийг илэрхийлэн хэвлэлийн бага хурал зарласан. Тэрээр хэвлэлийн хурлаа өмгөөлөгчтэйгээ хамтран хийсэн юм. Сонирхолтой нь түүний өмгөөлөгчөөр Н.Энхбаярын хувийн өмгөөлөгч гэгддэг Б.Оюунбилэг ажиллаж эхэлжээ. Тэрээр “Ч.Даваабаяр захирлын зөрчигдсөн эрхийг хамгаалахаар би ажиллаж байна. Иргэнийхээ хувьд тэрээр бусдын адил хамгаалуулах, шүүхэд гомдол гаргах эрхтэй. Шүүхээс ямар шийдвэр гарахыг бид цаг тухайд нь та бүхэнд мэдээлэх болно” гэв.
Өмгөөлөгч Б.Оюунбилэг нь Н.Энхбаярын долоон тэрбумын авлигын хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж байв. Харин энэ удаад Н.Энхбаяр өөрийн хувийн өмгөөлөгч гэгдэх Б.Оюунбилэгт “Ч.Даваабаярын асуудлыг шийдэхэд онцгойлон анхаараарай” хэмээн аминчлан захисан тухай эх сурвалж мэдээллээ. Харин Н.Энхбаяр ямар учраас Ч.Даваабаярын асуудалд анхаарлаа ийнхүү хандуулж эхлэв гэдэг нь олны анхаарлыг татаж байна.
Ч.Даваабаяр хэвлэлийн салбар дахь анхны гараагаа ТВ-9 телевизийн захирал Ц.Энхбат дээр очиж телевизийн мэдээний сэтгүүл гаргаснаар эхэлж байв. Улмаар ETV телевизээ ч Ц.Энхбат нарын хүмүүстэй хамтран байгуулсан. Харин энэ бүхний цаана МАХН-ын дарга Н.Энхбаяр буй. Хэдийгээр Н.Энхбаяр БНСУ-д эмчилгээ хийлгэж байгаа ч улс төрд гараа дүрсээр байна.Бүр эртний харилцаатай Ч.Даваабаярын асуудалд анхаарлаа хандуулж, өөрийн өмгөөлөгч гэгдэх Б.Оюунбилэгийг ажиллуулж байгаагаас илт.
Өнгөрсөн амралтын өдөр болсон МАХН-ын Бага хурлаар Б.Оюунбилэгийг “Н.Энхбаярыг дутуу өмгөөлсөн” хэмээн МАХН-аас гишүүнчлэлээс хассан ч энэ бол зүгээр “шоу”. Тодруулбал, Ч.Даваабаярыг өмгөөлүүлэхээр өмгөөлөгчөө явуулсан гэдгээ нуух нэгэн “хаалт” байхыг ч үгүйсгэх аргагүй.
Б.Чимэг
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ