С.Баярцогт оффшор дансыг дэмжлээ
{!!!left!!!}Оффшор бүс гэдэг бол татвараас чөлөөлдөг, татварын хөнгөлөлт үзүүлдэг, нууц нэрээр санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг орон зай юм. Энэхүү орон зайд нууцаар оршиж байсан УИХ-ын гишүүн С.Баярцогтын данс өнгөрсөн хавар илэрч нэлээд дуулиан тарьсан. Тэрбээр Швейцарийн банкинд нэг сая гаруй ам.долларын нууц данстай гэдэг нь баримтаар нотлогдсон билээ.
Гэтэл энэхүү оффшор данс эзэмшихийг хориглосон хуулийн төсөл өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороон дээр уналаа. УИХ-ын гишүүн Ж.Батзандан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт хэлбэрээр өргөн барьсан юм. Энэ хуульд улс төрийн, төрийн тусгай алба, төрийн захиргааны удирдах албан тушаалтнууд болон төрийн өмчит болон орон нутгийн өмчит компанийн удирдлагууд гэсэн 2000 орчим хүн хамрагдахаар тусгагдсан байсан. Гэвч өчигдрийн байнгын хорооны хуралдаанаар Ардчилсан намын нэр бүхий эрхмүүд болон УИХ-ын гишүүн С.Баярцогт, Р.Гончигдорж, Р.Бурмаа нар тэргүүлэн энэхүү хуулийг төслийг дэмжсэнгүй. Тэд оффшор гэдэг нь тодорхой бус байна гэсэн шалтгаанаар энэхүү хуулийн төслийг унагалаа.
Өнөөдрийн байдлаар манай улсын нөлөө бүхий арван эрхэм энэхүү нууц бүсэд данстай. Түүнийг УИХ-ын гишүүн С.Баярцогт тэргүүлж байгаа бөгөөд түүний араас Байгаль орчны сайдаар ажиллаж байсан У.Барсболд, Сангийн сайд байсан Я.Очирсүх, бас Монголын ТОП-40 тэрбумтны жагсаалтад орсон “Болд төмөр Ерөө гол” компанийн эзэн Б.Дэлгэрсайхан нар багтаж байгаа. Угтаа бол энэхүү хууль батлагдсанаар дотоодоос хулгай хийсэн мөнгөө гадаадын энэ бүсэд байршуулдаг явдлыг үндсэндээ хориглох байсан юм.Дэлхийн томоохон орнууд болох Герман, Англи, Америк, ОХУ, Унгар, Польш гэх мэт улсуудад оффшор бүсэд төрийн өндөр албан тушаалтнууд, тэдний гэр бүлийн гишүүд данс нээх, мөнгө байршуулахыг хуулиараа хориглож байдаг. Гэтэл манай улс үүнийг эсэргүүцэж, хориглож байна. Энэ нь хууль бусаар олсон орлогоосоо татвар төлөхгүйгээр нуун дарагдуулахыг дэмжиж байгаа гэсэн үг.
Угтаа бол энэхүү хуулийн төсөл дэмжигдээд батлагдвал манай улсын эдийн засагт чухал нөлөө үзүүлэх байсан юм. Харин нууц данстай С.Баярцогт, У.Барсболд мэтийн нөхдүүдэд халтай. Гэтэл УИХ-ын гишүүн С.Баярцогт намын хэдэн нөхдөө уриалан өөрийн талд элсүүлэн энэхүү хуулийн төслийг унагалаа.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ