Л.Эрдэнэчимэг: Багануурын нүүрсийг тарааснаас хойш хотын утаа эрс нэмэгдсэн

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаарМонгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог Ерөнхийлөгчийн дэргэд байгуулсан боловч энэ хороог Ерөнхий сайдын эрхлэх асуудлын дор оруулах ёстой гэж хуульчилсан байна.

Энэхүү хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүдийн зүгээс санал шүүмжэл нэлээд гарсан юм. Тухайлбал, Засгийн газраас утааг багасгах байтал Багануурын нүүрсийг хямд үнээр иргэдэд борлуулсан нь буруу. Мөн Агаарын бохирдлыг бууруулахаар зуух тараадаг ч үнэн хэрэгтээ утаа нь багассан юм алга. Тиймээс Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог Ерөнхий сайдын дор гэхээс илүүтэй УИХ-д хамааруулж, нэгдсэн бодлого гаргах хэрэгтэй гэсэн юм.

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг

Хамгийн гол нь бид утаагаа бууруулахын тулд өнгөрсөн хугацаанд юу хийв ээ? Бүх айлуудаа утаагүй зуух, түлшээр хангах ажил хийсэн. Гэхдээ энэ ажлыг Засгийн газар биш Мянганы сорилтын сан хийсэн. Сүүлийн 45 мянган зуухыг Дэлхийн банк санхүүжүүлж байгаа. Бид өнөөдөр иргэдийнхээ эрүүл мэндийн асуудлыг гадаадынханд хариуцуулж өгчихөөд явж байна. Засгийн газар зарим үед гай болж байдаг. Яагаад гэвэл өнгөрсөн Засгийн газар утаагүй түлшний үйлдвэрт 18 тэрбум төгрөг гаргаж өгсөн ч өнөөдрийг хүртэл түлшний үйлдвэр ашиглалтад ороогүй. Засгийн газар гай болж байгаа нэг жишээ гэвэл Багануурын нүүрс тарааж эхэлсэн явдал. Багануурын нүүрсийг тарааснаас хойш утаа хотын эрс нэмэгдсэн. Хэрвээ Ерөнхий сайдын дор Агаарын бохирдолтой тэмцэх үндэсний хороо ажилладаг байсан бол Багануурын нүүрсийг тараахдаа утаатай хэрхэн тэмцэх вэ гэдэг бодлогоо хамт авч явах байсан.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар

Утаатай тэмцэх талаар УИХ, Ерөнхийлөгч басЗасгийн газрыг шахаж ажиллах ёстой гэдэгтэй санал нэг байгаа. Өнгөрсөн жил манай байнгын хороо Багануурын нүүрсийг тарааж болохгүй гэсэн дүгнэлт гаргаад Засгийн газарт өгсөн. Намар хамгийн түрүүнд Н.Алтанхуяг дарга УИХ дээр орж ирээд Багануурын нүүрсийг тарааж байгаагаа бахархалтайгаар ярьсан. Хэрвээ нүүрс тараахаар бол арай өөр уурхайн нүүрс тараамаар байгаа юм. Багануурын нүүрс бол Монголд хамгийн их тоосжилттой, нүүрсхүчлийн хий гаргадаг, бас ураны хольцтой. Энд цацрагийн юм явж байгаа. Энэ байдлаа тооцдоггүй юм уу. Ерөнхий сайдыг тойрсон хэсэг хүмүүс л бизнес хийгээд байгаа л даа. Ах дүү нар нь компани байгуулсан.

УИХ-ын гишүүн Су.Батболд

Яамдын орон тоог өчнөөн нэмсэн биз дээ. Төрийн албаны шалгалт ч өгөөгүй, хэн нэгний татаасаар орж ирсэн залуучууд яамдад сууж байна. Тэднийгээ ажиллуулаач ээ. Хуулийн төсөлд тусгаснаар "Агаарын бохирдлын эсрэг Үндэсний хороо нь ажлын албатай байна, ажлын алба нь цахим мэдээллийн сүлжээг ашиглан иргэд мэдээлэл авах боломжоор хангана" гэсэн ийм л ажил хийх юм байна. Иргэдээс мэдээлэл аваад яах юм бэ. Гадагшаа гараад харахад л утаа ямар байгаа нь шууд мэдрэгдэж байгаа шүү дээ. Энэ талаар мэдээлэл авах юм уу, эсвэл хэн нэгэн гал түлж байна гэсэн мэдээлэл авах юм уу? Агаарын бохирдолтой тэмцэж байгаа юм ердөө алга. Нэг компани барилга барихын тулд хашаа барьдаг, хашаандаа хоёр айл буулгадаг, хоёр айл нь нүүрс түлдэг. Тэрэнд хотын захиргаа ч хяналт тавьдаггүй. Яг хотын төвд нүүрс түлээд л сууж байгаа эдгээр айл хэн ч хяналт тавьдаггүй. Иргэдийг зөвхөн мэдээлэл авах боломжоор хангахын тулд ажлын алба байгуулах хэрэггүй. Байгаль орчны яам, Эрчим хүчний яам, хотын захиргаа юу хийх юм. Хэчнээн мянган хүн тэнд цалин аваад сууж байгаа шүү дээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Ерөнхий сайд улс орны хөгжлийн хэдэн үзүүлэлтийг барьж ажиллах ёстой байтал Багануурын нүүрс, уут хоёртой л хоёр жил зогслоо шүү дээ. Нүүрсний үнэ хямдарсан байж магадгүй. Багануурын нүүрснээс гарч байгаа хог хаягдал, утаа тортог бусад уурхайн нүүрснээс хавьгүй илүү байна. Гурван ес эхлээгүй байхад л Улаанбаатарын утаа ямар болсныг та бид бүгдээрээ харж байгаа.

Харин УИХ дахь Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны даргын зүгээс гишүүдийнхээ бүрэлдэхүүнийг нэмж, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрээд байгаа агаарын бохирдлын асуудлыг ярих хэрэгтэй болсон гэж үзэж байлаа. Ингээд энэ хуулийн төслийн хүрээнд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог Засгийн газрын мэдэл өгөх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хурааж, гишүүдийн олонхи нь дэмжсэнээр УИХ-ын чуулганаар оруулахаар боллоо.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ