Ж.Мөнхбатын урилгыг Ц.Оюундарь хүлээн авсангүй

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат Монголын улс төрийн намуудын Ерөнхий нарийн бичгийн дарга нарыг Улаанбаатар зочид буудалд нээлттэй хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монголын улс төр, эдийн засагт болж буй үйл явдлыг дүгнэн хэлэлцэж цаашид хэрхэн хамтран ажиллах, зөв шийдэлд хүрэх талаар харилцан ярилцаж, санал солилцсон юм. Уулзалтад нийт 12 намын Ерөнхий нарийн бичгийн дарга нар оролцсон бөгөөд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь оролцоогүй юм. Өмнө МАН-ын дарга М.Энхболд намын дарга нартай хийсэн уулзалтаар мөн л АН-ын дарга Н.Алтанхуяг хүрэлцэн ирээгүй юм.

Уулзалтын үеэр намын ерөнхий нарийн бичгийн дарга нар "иргэд, улс төрийн талцал хуваагдал газар авсан, нийгэм, улс төрийн байдал тогтворгүй байгаа энэ үед улс эх орныг чиглүүлэн залах намууд хоорондоо ойлголцож, зөвшилцдөг байх, нэгдмэл нэг зорилго, бодлоготой байх нь хамгаасчухал" гэдгийг онцолж байсан юм.

Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатаас дараах зүйлийг тодруулсан юм.

-Өнөөдрийн уулзалтаар ямар асуудал хэлэлцсэн бэ?

-МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын урилгаар улс төрийн намуудын Ерөнхий нарийн бичгийн дарга нар уулзлаа. Өнөөдрийн уулзалтаар үндсэн есөн асуудлыг авч хэлэлцлээ. Үүнд улс эх орны тогтвортой хөгжлийн асуудал, Үндсэн хуулийн өөрчлөлт, улс төрийн намуудын талцалж хуваагдаж буй асуудал болон залуучуудын хөгжил төлөвшилийн асуудлыг ярилцлаа. Уулзалт харьцангүй ажил хэрэгч боллоо. Уулзалтаас гурван үндсэн шийдвэр гаргасан. Энэхү уулзалтыг улиралд нэг удаа тогтмол зохион байгуулж байя, парламентад суудалтай улс төрийн намууд УИХ-д хэлэлцэж байгаа асуудлыг талаар бусаддаа мэдээлэл өгөх болон цаашдын хамтын ажиллагаа илүү үр дүнтэй болгох ёстой гэж үзсэн. Үүнээс үүдэн маргааш улс төрийн намуудын Ерөнхий нарийн бичгийн дарга нар нэгдэж, улс төрийн мэдэгдэл гаргахаар боллоо. Энэхүү мэдэгдэлд ирэх оны төсөв, эдийн засаг, валютын үнийн асуудал болон гадаад өрийн хэмжээг нэмэгдүүлж байгаа талаар тусгасан байгаа.

Харин засгийн эрхийг барьж байгаа Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь өнөөдрийн уулзалтад ирсэнгүй. Иймд улс төрийн намуудын Ерөнхий нарийн бичгийн дарга нар цаашид энэхүү уулзалт сууж байгаач гэсэн санал хүргүүлэхээр боллоо.

-Ц.Оюундарь дарга өнөөдрийн уулзалтад ирээгүй шалтгаанаа тайлбарласан уу?

-Дархан-Уул аймагт ажиллаж байгаа тул ирж амжихгүй гэдгээ мэдэгдсэн юм.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ