Ерөнхий сайдад хариуцлага тооц гэсэн ч хүлээж аваагүй

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ ирэх оны улсын төсвийг баталлаа. Гишүүдийн хувьд янз янзын байр суурьтай байна. Таны хувьд ирэх оны төсвийг ямархуу төсөв болсон гэж дүгнэж байна вэ?

-Миний хувьд ирэх оны төсвийн хөрөнгө оруулалтын асуудал дээр сэтгэл дундуур байгаа. Яагаад гэвэл, 2012 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ, Засгийн газар төсвийн тодотгол хийсэн. Төсвийн тодотгол хийхдээ 2012 оноос өмнө тусгагдсан төсөл, арга хэмжээг бүгдийг нь зогсоосон. Үүнийг ямар учраас зогсоож байгаа гэхээр "Бид төсөл, арга хэмжээг нэг бүрчлэн үзнэ. Хэрэгжих бэлтгэл хангасан уу.

{!!!left!!!}Газрынхаа зөвшөөрлийг авч, зураг төслөө хийсэн үү. Төсөв нь хэр бодитой вэ, тендерээ зөв явуулсан байна уу" гэдгийг үзэхээр болсон гэх нь бий. Тэгээд 2013 онд хийж, хэрэгжүүлэх ажлууд нь үндсэндээ улсын хэмжээнд хөрөнгө оруулалтын биелэлт 30 орчим хувьтай, 70 хувь нь тасарсан байгаа юм. 2013 оны улсын төсөвт хөдөө орон нутагт 40-50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулна гэж жагсаасан ч түүнийгээ хийгээгүй. Өөрөөр хэлбэл, 2014 оны улсын төсөвт нөгөө жагсаалтаа дахин бариад орж ирж байгаа юм.

Тэгсэн хэрнээ АТГ, Аудитын газраар шалгуулна гээд нөгөө төсөл, арга хэмжээг 2014 оны төсөв тэг дүнтэй оруулаад зогсоочихсон. Тухайлбал, Хэнтий аймагт хэрэгжих арга хэмжээний 19 нь хуучин ажил байсан. Гэтэл дөрвийг нь санхүүжүүлж, бусдыг нь тэглэсэн. УИХ-аар төсвийг хэлэлцэж байхад үүнийг болиоч, ийм маягаар явуулж болохгүй гэж шаардсан. Тэгэхээр төсвийн тодотголоо дариухан хийж, шалгах зүйлээ үзэж, хараад дахин оруулах болов уу гэсэн бодол байна.

2012 оноос өмнө Монгол Улсын эдийн засаг өсөлттэй, энэ чинээгээрээ хөрөнгө оруулах бололцоотой байсан. Харин миний яриад байгаа төсөл, арга хэмжээнүүд 2012 оноос өмнө тусгагдаад хийгээд явж байсан ажил. Тэгэхээр 2012 оноос өмнөхтэй биш юмаа гэхэд 2013 оны төсөвтэй харьцуулахад төсвийн орлого 600 тэрбумаар дутуу, хөрөнгө оруулалт 400 тэрбумаар багассан. Үнэн хэрэгтээ Засгийн газар ажлаа хийж чадахгүй учир хийх зүйлийг нь багасгаж өгсөн. Нөгөө талдаа 700 тэрбум төгрөгөөр төсвийн урсгал зардал нэмэгдсэн. Ингэснээр төрийн данхар бүтцийг санхүүжлүүлэх зардал нэмэгдэж байгаа гэсэн үг.

-Ирэх оны төсөвт хамгийн анхаарал татаж байгаа асуудал бол ам.долларын ханш. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Төсөв батлахад валютыг бодиттой ханшаар тогтоо гэж хуулиар заачихсан байдаг. Өнөөдөр ам.долларын ханш 1700-аас их гарчихсан байхад 1384 төгрөгөөр тооцсон жишээтэй. Шинэчлэлийн Засгийн газрын жил хүрэхгүй хугацаанд буюу хэдхэн сард ам.долларын ханш 400 төгрөгөөр нэмэгдсэн. Тэгэхээр 400 төгрөгөөр нэмэгдэхээр ямар үр дагавар гарах вэ гэдэг асуулт гарах ч ард түмэнд асар их хохиролтой. Харин валютын ханш өссөн нь Засгийн газарт ашигтай. Өөрөөр хэлбэл, эдийн засаг нь хүндэрсэн улс орнуудын башир арга бол валютын ханшийг өсгөж, үүнээс Засгийн газрынхаа амийг аргацаалж байдаг зүйл бий.

Тэгэхээр манайд бол Засгийн газартаа ашигтай, ард түмэндээ алдагдалтай зүйл болоод байна. Нөгөөтэйгүүр 2013 оны улсын төсвийг батлахдаа шинээр байгуулагдсан УИХ, Засгийн газар цалин тэтгэврийг нэг ч төгрөгөөр нэмээгүй. 2013 оны тавдугаар сард УИХ-ын нэр бүхий гишүүд цалин, тэтгэврийг 30 хувь нэмэгдүүлэх тогтоолын төсөл өргөн барьсан.

Гэвч үүнийг хэлэлцэхгүй явсан. Харин 2014 оны төсвийг хэлэлцэхэд манай намын бүлгээс "30-аас доошгүй хувиар цалин, тэтгэврийг нэмэх хэрэгтэй. Төгрөгийн худалдан авах чадвар унаж байгаа, юмын үнийн өсөлттэй уялдуулаад 700 тэрбум төгрөгийг цалин, тэтгэвэр, тэтгэмждээ тусга" гэсэн саналыг хүргүүлсэн ч авч хэлэлцэхгүй байсаар 235 тэрбум төгрөгийг цалин, тэтгэвэрт нэмж тусгаад байгаа. Гэхдээ хэзээ нэмэх нь тодорхойгүй л байна.

-2013 оны төсвийн хөрөнгө оруулалтын биелэлт 30 хувьтай байгаа гэлээ. Тэгвэл хариуцлагын асуудлыг хэнээс нэхэх ёстой вэ?

-Бид хариуцлагын асуудлыг удаа дараа ярьж байгаа. Хуулийн засаглалтай орны хувьд хууль зөрчсөн Ерөнхий сайдад хариуцлага тооц гэдгийг тавьсан ч хүлээж авахгүй байгаа. Уг нь өмнөх Засгийн газруудын үед хариуцлага алдсан хүмүүст дор нь оногдуулаад явдаг байсан. Гэтэл хариуцлагын асуудал таг чиг, байдал ийм л байсаар байгаа.

Цагаан дээр хараар бичсэн хуулийг барих ёстой. Харамсалтай шинэ Засгийн газрын тэргүүнээс эхлээд хуулийг хайхрахгүй байна."Хууль ямар хамаатай юм. Та нар хуулийг хэзээ мөрддөг болсон юм" гэчилэн хуулийг үл хүндэтгэж байгаа байдал газар авчихлаа. Энэ жишгийг бүх түвшинд байлгаж болохгүй гэж бодож байна.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ