Н.Алтанхуяг багцын мөнгөө хууль бусаар зарцуулсан

Иргэн Б.Энхтөмөр, Т.Сайнжаргал нар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг АТГ-т шалгуулах болсноо мэдэгдлээ. Энэ үеэр тэднээс зарим зүйлийг тодруулав.

-Н.Алтанхуягийг ямар үндэслэлээр АТГ-т шалгуулах болов?

-Монгол Улсын 2013 оны Улсын төсвийн гүйцэтгэлийн хүрээнд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн багцанд батлагдсан 50 тэрбум төгрөгийг хэрхэн санхүүжүүлсэн, Эрүүгийн хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны тухай хуулийг ноцтой зөрчиж, төсвийн хөрөнгийг хуулиас гадуур зориулалтын бус эх үүсвэрийн санхүүжүүлэхэд зарцуулсан, ингэхдээ тендер зарлаагүй, шууд гэрээ байгуулах замаар мөнгө гаргасан гэсэн үндэслэлүүдээр АТГ-т шалгуулахаар болсон.

-50 тэрбум төгрөгийг тодруулбал?

-УИХ 2013 оны төсвийг батлахдаа Ерөнхий сайдын багцад 50 тэрбум төгрөгийг ямар нэгэн задаргаа, нарийвчилсан хуваарьгүйгээр задгай баталсан. Уг хөрөнгө оруулалтын арга хэмжээ 2013 оны эхний улиралд багтаан УИХ-ын Төсвийн байнгын хороогоор батлуулах чиглэлийг өгсөн. Гэвч ЗГХЭГ-аас энэхүү 50 тэрбумын арга хэмжээний саналыг энэ оны дөрөвдүгээр сард УИХ-ын Төсвийн байнгын хороонд хүргүүлж, тус байнгын хороо тавдугаар сарын 1-ний өдөр баталсан. Уг тогтоолын нэгдүгээр хавсралт ёсоор нийт долоон цогц арга хэмжээнд 49 тэрбум, 999.15 сая төгрөг зарцуулахаар төсөвт өртөгийг тооцож, хоёрдугаар хавсралтаар хийгдэх хөрөнгө оруулалтын арга хэмжээг төсөвт өртөгийн хамт баталсан байгаа юм. Гэтэл 2013 оны Төсвийн хууль болон Төсвийн байнгын хорооны тогтоолд тусгагдаагүй эх үүсвэрт зориулж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийн үзэмж тааллаар дур мэдэн, ямар нэгэн тендергүйгээр шууд гэрээ байгуулах замаар олон зуун сая төгрөгийг дур мэдэн зарцуулсан байна.

-Тухайлбал?

-­Ерөнхий сайдын төсвийн багцад тусгагдсан Засгийн газрын шинэ бодлогын нөөцийн 31.7 тэрбумаас “Эх хэлний эзэд” медиа хөтөлбөрт 293.1 сая, “Бумбардай” комикс есөн цуврал номыг санхүүжүүлэхэд 255.6 сая төгрөгийг шилжүүлэх эрхийг ЗГХЭГ-ын дэд дарга Ч.Сайханбилэг, Санхүү, хөрөнгө оруулалт, үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Бямбасүрэн нарт олгосон байдаг. Ингэхдээ тус байгууллагуудтай ямар ч гэрээ хэлцэл байгуулаагүй, тендер зарлаагүй. Ч.Сайханбилэг “Нүүдлийн зурган өгүүлэмж” байгууллагын тэргүүн Н.Эрдэнэбаяр нарыг хооронд гэрээ байгуулагдан улмаар эхний 127 сая 800 мянган төгрөгийг Голомт банкны руу шилжүүлсэн байдаг.

-АТГ-т шалгуулах хүсэлтээ өгөөд хариуг нь хэд хоногийн дараа авах вэ?

-Хуулийн 14 хоног байдаг. Энэ дотроо багтаагаад хариу өгчих байх.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ