Дархан-Уул аймгийн ардчиллынхан суулт зарлалаа

Дархан-Уул аймгийн Ардчилсан намынхан маргаашнаас эхлэн намын төв байрныхаа гадна улс төрийн суулт зарлахаар болжээ.

Тэд өнгөрсөн сарын 26-нд “Шинэчлэх хөдөлгөөн” байгуулж намын дарга Н.Алтанхуяг, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нарт шаардах бичиг хүргүүлж, өчигдөр хариугаа авах байсан ч хариуг нь өгөөгүй учир ийнхүү суулт зарлахаар болжээ.

Дархан-Уул аймгийн АН-ын дарга асан Л.Наранбаатар хэлэхдээ “Дарханы Ардчилсан намд салхи оруулах цаг болсон. Энэ нам ахмад гишүүдээ харж үзэхгүй, шинэ залуу боловсон хүчнээр хүрээгээ тэлдэггүй, зөвхөн “Бурхан Халдун” группын хэдхэн ажилчны дунд л оршин тогтнож ирсэн. Үүнээс болж үе үеийн сонгуульд ялагдал хүлээсэн. Тухайлбал, Дархан-Уул аймгаас 2004 онд гурван гишүүн сонгогдож байсан бол өнөөдөр Ардчилсан засаг барьж байгаа үед нэг ч гишүүнгүй байна. Орон нутагт тэр чигтээ ялагдсан. 18 багийн Засаг дарга АН-ын нэг ч хүн байхгүй. Энэ мэтээс өмнөх удирдлагууд Дарханы АН-ыг хэрхэн удирдаж байсан нь харагдана. Тиймээс өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгээд өгөх хэрэгтэй байгаа юм. Үүнийг ч Дарханы мянга, мянган гишүүд дэмжигчид хүсч байгаа” гэсэн юм.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ