"Мөнгөтэй хүмүүсээ тагнахгүй юм уу"

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлан боловсруулж, УИХ-д өргөн барьсан юм. Энэ нь төрийн өндөр дээд албан тушаалтнууд их хэмжээний гадаад валютаа татвараас зугтаалгаж оффшор бүсэд данс нээлгэж хадгалуулахгүй байх, гадаад эхнэр, нөхөртэй бол улс орны эрх ашигтай холбоотой төрийн өндөр албанд сонгох, томилохдоо Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн үгийг сонсдог болох хэрэгтэй гэсэн утгатай. Харин энэхүү хуулийн санаачилсан холбогдуулан намайг тагнуулынхан тагнаж байна хэмээн мэдэгдэж байсан юм. Энэ талаар тэрбээр нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө "Өнгөрсөн баасан гарагийн өдрөөс эхлэн бямба гарагийн шөнө УБЦ 08-26 дугаартай машинтай үл таних дөрвөн залуу намайг дагасан. Тэр машиныг хаанахын машин болохыг нь тогтоолгох гэж би Замын цагдаагийн байгууллагат хандсан. Ингээд Тагнуулын ерөнхий газрын авто баазын машин болох нь тогтоогдсон. Миний бие Тагнуулын ерөнхий газар болон Ерөнхий сайдад хандаад байна. Өөрөөр хэлбэл, Тагнуулын ерөнхий газрын машинтай хэсэг бүлэг хүмүүс намайг бүтэн өдөржингөө дагасны шалтгааныг мэдэх зорилгоор тэдэнд хандлаа. Уг нь гэмт хэрэгт холбогдсон хүнийг дагадаг. Одоогоор надад ямар нэгэн гэмт хэрэгт холбогдсон зүйл байхгүй. Прокурорын зөвшөөрлөөр гүйцэтгэх ажил хийх шийдвэр гараагүй байна. Оффшор бүсийн тухай хуулийг хэлэлцүүлэнгүүт тагнаж байгаа юм уу. Мөнгөтэй хүмүүсээ тагнахгүй юм уу тодорхой тайлбар хэлж өгнө үү гэсэн асуулт тулгарч байна" гэв.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ