МАН-ынхан буйдантай суултаа хийгээч ээ

МАН-ын байдал шалдар булдар, цаг улирал нь ороо бусгаа үед Өвөрхангайн хоёр суудлаа Ардчилсан намынханд алдсан хар түүх тэдэнд бий. Энэ түүх дахин давтагдаж магадгүй бололтой. Учир нь Ардчилсан намынхан Увсын асуудлаар цогц шоу хийж, эцсийг үзэхээ мэдэгдлээ. Асуудлын гол цөм болсон хоёр эрхмийн нэг болох Ч.Хүрэлбаатар нь намын удирдлагуудын хамт хөдөө хөхөрч, гадаа гандаж байх хооронд Ардчилсан намынхан Увсын иргэдийг Улаанбаатар хотноо авчирч, Төрийн ордныг тойруулан улс төрийн “тоглолт” хийлээ. Үүнийг харсан зарим иргэд үнэхээр мөнгө тараасан нь үнэн юм шиг байна, суудлаас буулгах ёстой гэсэн байр суурьтай байгаа бололтой. Үүнийг худал зүйлийг мянга давтвал үнэн болдогийн жишээ гэлтэй.
Гэтэл өнөөдрийг хүртэл МАН-ынхан чимээгүй байна. Магадгүй өмнө нь олонтаа дуугарсан болоод ч тэр үү давтаж ярихаас залхсан уу, аль эсвэл Дээд шүүхийн шийдвэрт хамаг итгэлээ өгсөн үү гэдэг нь сонин. Намын удирдлагууд нь хөдөө орон нутагт ажиллаж байгаа болоод ч тэр үү энэ асуудалд анхаарал хандуулах хүн алга бололтой. Харин Б.Чойжилсүрэн гишүүний хувьд л түгшиж байгаа бололтой. Саарал ордонд барагтаа л бараа нь харагддаггүй тэрээр өчигдөр байнгын хорооны хуралдаанд санал хураалт дээр орж ирээд саналаа өгөөд бушуухан ордноос гарч харагдсан.
Уншигч та санаж байгаа байх аа. Яг жилийн өмнө УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрог болох Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшсэн С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг бэлэн мөнгө болон эд бараа тараасан, насанд хүрээгүй хүүхэд сонгуулийн сурталчилгаанд оролцуулсан гэх үндэслэлээр гишүүний тангараг өргөх боломжийг Сонгуулийн ерөнхий хорооноос хааж, МАН-ынхан 90 жилийн түүхэндээ анх удаа жагсаал хийж, олны нүдийг хужирлаж, чихийг дэлдийлгэж байсан. УИХ дахь гишүүд нь саарал ордонд алдарт буйдантай суултаа хийж байхад намын гишүүд дэмжигчид нь түүнийг тойрон жагсаж байсан. МАН-ынхан хүчтэй эсэргүүцлээ илэрхийлсэн ч олонхи болж чадсан Ардчилсан намын өмнө хүчин мөхөсдсөн билээ.
Ийнхүү Ардчилсан намынхан МАН-ынхныг зүгээр суулгахгүй зүг бүрээс нь чимхэж байна. МАН-ынхны хувьд тэдний тоглолтын эсрэг арга хэмжээ авах цаг нь ирсэн байх аа. Сөрөг тоглолтыг хийх ёстой. Өмнөх хоёр суудлаа тэмцээд тэмцээд алдсан. Бас араас нь Д.Арвинаа алдсан. Харин одоо Увсын хоёроо хамгаалах л тэдний нэн тэргүүний ажил болоод байна.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ