Монголд хаана тамхи татаж болох вэ. Эрдэнэчимэг гишүүн ээ

УИХ дахь эмэгтэй гишүүд албан бус бүлэг байгуулан тэргүүнээр нь Л.Эрдэнэчимэг гишүүн ажиллаж байгаа. Тэдний хамгийн эхний ажил бол олон жилийн туршид лоббид автаад сураг нь тасраад байсан Тамхины хяналтын тухай хуулийг батлуулсан явдал юм. Лоббид автсан энэхүү хуулийн төслийг гаргаж ирэхэд бүхий л эмэгтэй гишүүдийн үүрэг оролцоо чухал байсан. Гэтэл өнөөдрийн байдлаар бол Л.Эрдэнэчимэг гишүүн л ганцаараа энэхүү хуулийн төслийг санаачлан батлуулсан мэт ард иргэдийн дунд тийм ташаа ойлголт яваад байх шиг байна. Нийгэмд хамгийн их хүлээлт үүсгээд байсан учир хэрэгжилт нь хурдан бөгөөд үр дүнгээ өгсөн. Энэ ч утгаараа энэ хуулийг гарсанд олон хүн талархаж байгаа. Гэтэл ард иргэдийн талархлыг өөр руугаа хандуулах гэсэн эрхэм гишүүн маань цаг зав л гарвал Тамхины хяналтын тухай хуулийн төслийг ярьж, өөрийгөө магтах нь хэрээс хэтэрлээ. Гэхдээ энэ хуульд Монголд хаана тамхи татаж болох вэ гэсэн асуултад ямар ч хариулт алга. Харин тамхи зарж болох газар нь байгаа юм.
Хуулийн зарим зүйл заалтад нэмэлт өөрчлөлт оруулахаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү төсөл санаачлан гишүүдийн гарын үсгийг зуруулж байгаа нь Л.Эрдэнэчимэг гишүүнд жинхэнэ утгаараа таалагдсангүй. Хэвлэлийн бага хурал хийж, О.Баасанхүү бусдын лоббид автсан байна хэмээн мэдэгдэж байсан. Арга ч үгүй биз дээ, УИХ-д суугаад бусад гишүүдийн дэмжлэгтэйгээр хийсэн дорвитой ганц ажлыг нь өөр хэн нэгэн оролдоод эхлэх нь түүнд таалагдахгүй. Тэр ч утгаараа дургүйг нь хүргэсэн О.Баасанхүүг золтой л АТГ-т шалгуулчихсангүй.
Харин О.Баасанхүү гишүүн “Л.Эрдэнэчимэг гишүүний ганц сэдвийг нь хөндсөндөө харамсч байна” гэсэн юм. Харамсаад ч багадах байх. Л.Эрдэнэчимэг гишүүн ч түүнийг хорхой идсэн араандаа зуусан байхаа. Энэ ч яахав ингээд өнгөрдөг байж. Гэтэл түүний шоу дуусахгүй байна. Түүгээр ч үл барам далд утга бүхий зүйлийг чуулганы хуралдаанд хэлээд авсан. Тэрээр Ж.Батзандан гишүүний санаачилсан оффшор дансгүй байх хуулийн төслийг улайран эсэргүүцсэн. Түүний хувьд Ц.Оюунгэрэл сайдыг хамгаалж байгаа мэт дүр эсгэж байгаа боловч цаад утгаараа өөрийгөө бодсон арчаагүй зан гаргаж байна.
Учир нь тэр “Бидний баталж буй хууль дүрэм үр хүүхдүүдийн маань толгой дээр бууна. Гэтэл глобалчлагдаж буй энэ нийгэмд хүүхдүүд хаана, хэнтэй гэр бүл болохыг хэн ч таах аргагүй. Уг хуулийг санаачилсан Ж.Батзандан гишүүн өөрөө дөрвөн хүүхэдтэй. Тэдний хүүхдүүдийн хувь заяаг хэн ч мэдэхгүй. Дэлхийн олон оронд Монголын иргэд тархан суурьшиж байна. Тэр гадаадад монгол хүнтэй суусны төлөө эрхийг нь зөрчиж, хааж боогоод албан тушаал өгөхгүй гэдэг асуудал яригдвал яах вэ. Энэ мэтчилэн хүний эрх зөрчсөн зүйлсийг бид хэзээ ч дэмжиж болохгүй” гэсэн юм. Түүний хувьд хүний эрх чөлөө гэхээс илүүтэйгээр өөрийн хүүхдүүдийн алсыг бодож байна. Магадгүй тэрээр өөрийнхөө хүүхдүүд нь гадаад хүнтэй гэрлээд нутагтаа ирээд төрийн өндөр албан тушаал хашихад хүрвэл энэхүү хууль саад болно гэж бодож байх шиг. Тэр УИХ-ын гишүүний сэнтийг үр хүүхэддээ залгамжлуулж болно гэж ойлгосон юм болов уу. Уг нь бол эрхэм гишүүн үр хүүхдийнхээ ирээдүй гэхээс илүүтэйгээр Монгол Улсын хөгжлийг түрүүнд нь бодох ёстой.
Түүний энэхүү саваагүй зан үүгээр дуусахгүй. Явсан газар бүртээ шоу хийж, нүхээ малтдаг тэр энэ байдалдаа цэг тавих цаг нь ирсэн баймаар. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг бараг л өөрөө санаачилсан мэт ярьж байна. Угтаа бол Ерөнхийлөгчийн Тамгын газар дээр байсан бэлэн хуулийн төсөл шүү дээ.
Түүнд хэлэх ганцхан үг байна. Өөрөө ажлаа хийгээч ээ. Өрөөлийн зүйл рүү битгий үсчээч.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ