Дэнзэнгийн үргэлжлэл Данзан

Нэгэн цагт Ерөнхий сайдын толгойны өвчин болж, суудлаас унагах дөхсөн эрхэм бол түүний хүргэн Г.Дэнзэн. Тэр бол Н.Алтанхуяг ахынхаа нэрээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болсон гэдэг. Мөн давхар “Эрдэнэс МГЛ”, Төрийн банк, “Эрдэнэс Тавантолгой”, ШУТИС-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр давхар ажиллаж байсан юм. Тэгэхдээ “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн эл даргын алба хашихдаа илүү зардлаг багасгахын тулд гадаадын хоёр хоолны савыг ажлаас нь халж байсан анхны монгол дарга байх. Эхнэрийнхээ компанийг 17 тэрбумын тендерт ялуулсан асуудалд орооцолдсон боловч АТГ-аас шалгаад олигтой вм болоогүй өнгөрсөн. Үндсэндээ ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Ш.Солонго ажлаас халагдсандаа шаралхаж энэ залууг хөлдөө чирсэн. Тэрээр бас төрийн өмчийн олон компанид шалшалт хийж, нэлээд булхай илрүүлсэн нь томчуудын таалалд нийцээгүй учраас барын зулзагыг бага дээр нь дарж авсан юм.

Дэнзэнгийн үргэлжлэл Данзан илэрлээ. Тэр бол Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж. Тэрбээр "Eagle" телевизэд өгсөн ярилцлагадаа гурван асуудал дээр хүнд суртал гаргахаа ил ярина лээ. “Би энэ ажлыг авснаас хойш гурван зүйл дээр хүнд суртал гаргана гэж бодож байгаа. Нэг нь юу вэ гэхээр, 1990 оноос хойш монгол эдийн засаг хүнд байхад гадаадыг зорьчихоод одоо эдийн засаг сайжирсан үед Монгол Улсаа гээд эргэн ирж байгаа хүмүүст хүнд сурталтай хандана. Монгол хүүхдүүдийг үрчилж авсан гадаадынханд хүнд сурталтай хандана” гэсэн юм. Түүний энэхүү болчимгүй яриа нь мөн л олны дургүйцлийг хүргэж байна. Тэр ч утгаараа гадаадад амьдарч байгаа иргэд нэгдэн эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн Ерөнхий сайдад шаардах бичиг хүргүүлэх тухай бор шувуу цахим ертөнцөд нисч байна.

Угтаа бол төрийн байгууллага иргэндээ хөнгөн шуурхай үйлчлэх нь төрийн үүрэг. Тиймээс үүргээ умартсан энэхүү даргын хувь заяа ч бүрхэж эхэллээ.

Ийнхүү Н.Алтанхуягийг тойрон хүрээлэгчид түүнийг зүгээр суулгахгүй бөгөөд зүг бүрээс чимхэж эхэллээ. Харин Ерөнхий сайд маань ээлжит чихнээс хонх уяад байгаа Данзан буюу Б.Пүрэвдоржид ямар хариуцлага оноох бол.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ