Д.Тэрбишдагвыг сайшаав

Өнгөрсөн сарын 28-29-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд Шадар сайд Д.Тэрбишдагва ажиглагчаар оролцоод ирсэн билээ. Гишүүн орнуудынхаа эдийн засгийн хамтын ажиллагааг голлон хэлэлцдэг энэ хуралдаанд Шадар сайд Д.Тэрбишдагва хэлсэн үгэндээ "Худалдаа, хөрөнгө оруулалт болон транзит тээврийн нэгдсэн сүлжээг хөгжүүлэхэд чиглэсэн тодорхой төслүүдэд оролцох сонирхолтой байна" гэж Монгол Улсын байр суурийг илэрхийлжээ. Хуралдааны үеэр мөн Узбекистан, Афганистан улсуудыын удирдлага, ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ф.Мезенцев нартай уулзалт хийжээ. Хуралдааны мөрөөр Монголын талаас хэрэгжүүлэх ажлуудыг Гадаад харилцааны сайдад даалгасан байна. Мөн өнгөрсөн сарын 25-27-ны өдрүүдэд Москва хотноо болсон Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 17 дугаар хуралдааны дүнг хэлэлцээд, хоёр талын хооронд хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэхэд түлхэц өглөө хэмээн Засгийн газраас сайшаажээ. Хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гаргаж ажиллахыг Шадар сайд, тус комиссын Монголын хэсгийн дарга Д.Тэрбишдагвад даалгасан байна.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ