Р.Амаржаргалыг “зайлуулах” гэсэн бодолтой нөхөд АН-д бий

Дампуурал зарлах нь дутуу байсан УИХ одоо л сэргэх нь. Байнгын хороодын хуралдаан нь ээлж дараалан ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар хойшилж, УИХ-ын Тамгын газар нь яахаа мэдэхгүй сандралд орсон долоо хоног өнгөрсөн. Харин УИХ-ын Тамгын газар энэ долоо хоногт уртхан амьсгаа авч тайвширч болохоор боллоо. Учир нь Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын бүрэн эрхээсээ татгалзах өргөдлийг хэлэлцэхээр болсон. 21 хоногийн туршид гацаанд ороод байсан энэхүү асуудал УИХ-ын үйл ажиллагааг идэвхжүүлэх нь тодорхой боллоо. Тодруулбал, ирэх долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтад Р.Амаржаргал гишүүний хүсэлтийг хэлэлцэхээр УИХ-ын даргын зөвлөл шийдвэрлэсэн байна.

Харин асуудал хурцаар эргэж магадгүй бололтой. Учир нь Р.Амаржаргал гишүүний асуудлыг хэлэлцэх үеэр Ардчилсан намд нэлээд хагарал үүсэх бор шувуу нисч байна. Энэ нь түүнийг үлдээх бус үлдэн хөөх гэсэн бодолтой нөхдүүдтэй холбоотой аж. Угтаа бол түүний асуудлыг аль эрт хэлэлцээд ангид үлдээх боломж Ардчилсан намд байсан. Засгийн эрхийг барьж байгаа олонхи гэдэг утгаараа энэ бол Ардчилсан намын хувьд толгойгоо гашилгаад, хойшлуулаад байх асуудал биш байсан. Гэвч Р.Амаржаргалыг “зайлуулах” гэсэн бодолтой намын хэсэг нөхөд үүнд гай болсон. Тиймдээ ч Ардчилсан намынхан Р.Амаржаргал гишүүнтэй уулзаж, санал солилцоно гэдэг нэрийдлээр өнөөдрийг хүргэсэн. Энэ бол нам дотор хагарсан олгойг цэвэрлэж, цэгцлэх гэсэн нэг арга.

Р.Амаржаргал гишүүнийг намын лидер улстөрчдийн нэг гэхээс илүүтэйгээр түүний суудал Ардчилсан намынханд чухал байсан. Хэдийгээр МАН-д суудлаа алдаж магадгүй учир ийнхүү тэмцэж байна гэж ярих, дүгнэх нийгмийн нэг хэсэг байсан. Гэтэл үгүй бололтой. Түүний төлөө Ардчилсан намаас хэн өрсөлдөж, энэ суудалд суух вэ гэдэг нь өнөөдрийн энэ байдлыг үүсгэхэд хүргэсэн гэнэ.

Ямартай ч энэ долоо хоногийн байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаан энэ намрын чуулганы хамгийн ирцтэй хурлаар тодрох бололтой. Харин Р.Амаржаргал гишүүн ангидаа үлдэх үү, эс үлдэх үү гэдгийг цаг хугацаа харуулна.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ