"Энэ хууль яагаад нууц байна гэдэг нь анхаарал татаж байгаа"

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Хяналтын тухай хуулийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Энэ хууль яагаад нууц байна гэдэг нь анхаарал татаж байгаа. Мөн олон нийтийн дунд хэлэлцүүлэг явуулаагүй. Хяналтын гэдэг нь үндсэндээ Мэргэжлийн хяналтын тухай хууль гээд нэр нь хүртэл өөр байгаа. Ер нь аж ахуй нэгжээ дэмжиж, төрийн хяналтыг сулруулах гэсэн байр суурь, бодлого явж байна. Үүнийг бие даагчдын зөвлөлөөс эсэргүүцэж байгаа. Яагаад гэвэл, хүнд суртлыг дэмжихгүй. Хамгийн гол нь хүнс, эмийн асуудал дээр төрийн зүгээс тавих хяналтыг чангатгаж, сайжруулахгүй бол нэгдсэн зохицуулал орхигдоно. Үүнээс болж ард иргэдийн дунд хүнс, эмээс болсон өвчлөл, эрсдэл өндөр хэмжээнд байна. Эрсдлийн судалгаа хийнэ гэдэг нэрийдлээр төрийг хүчгүйдүүлэх явдал байж болохгүй. Бие даагчдын зөвлөлийн зүгээс Хүнс, эмийн хяналтын тухай хуулийг зэрэг өргөн барьж байгааг энэ дашрамд мэдэгдэж байна. Энэ хуульд төрийн хяналтыг маш их сулруулсан. Мөн хүнс, эмийн хяналтад дээр тусгайлсан агентлаг байх ёстой. Энэ бол олон улсын жишиг. Харамсалтай нь энэ хууль парламентын сайт дээр тавигдаагүй байгаа. Гэтэл энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийднэ гэж байгаа" гэв.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ