"Өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан"

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаар энэ долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүд болон намын бүлгийн дарга Н.Энхболдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг тус тус хэлэлцсэн байна. Өнөөдрийн хуралдаанаар Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн хүрээнд ажлын хэсэг байгуулахаар болжээ. Ажлын хэсэгт Д.Сумъяабазар, А.Тлейхан, С.Бямбацогт гишүүн орж ажиллах юм байна. Нөгөөтэйгүүр Хяналтын хэрэгжүүлэхийн тухай болон холбогдох хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг энэ долоо хоногт хэлэлцэх бол МАН-ын бүлгээс ажлыг хэсэг байгуулах нь зүйтэй гэж үзжээ. Мөн Хилийн боомтын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийхэд тодорхой тооцоо, судалгаа, дүгнэлтийг гаргаж ирэх хэрэгтэй гэж хойшлуулсан. Харин энэ үеэр Д.Оюунхорол гишүүнээс Н.Энхболд МАН-ын бүлгийн даргаас ямар учраас чөлөөлөгдөх болсон талаар тодруулахад "Өөрийн хүсэлтээр МАН-ын бүлгийн даргын ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Энэ асуудлыг МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж, шийдвэрлэнэ гэж тогтсон байгаа. Удирдах зөвлөл энэ долоо хоногт хуралдаж, Н.Энхболд даргын асуудлыг шийдвэрлэнэ" гэв.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ