Ерөнхийлөгчийн уулзалт хаалттай үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар зохион байгуулсан "Том төрөөс ухаалаг төр лүү" үндэсний чуулганы хүрээнд өнөөдөр УИХ-ын гишүүдтэй хийх улзалт дөнгөж сая Төрийн ордны А танхимд эхэллээ.Уулзалтад УИХ-ын гишүүдийн төлөөлөл буюу 50 хүн оролцож байна.

Уулзалтыг нээж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Өнөөдрийн уулзалтад хүрэлцэн ирсэн УИХ-ын дарга, Ерөнхий сайд, нийт УИХ-ын гишүүдийн энэ өдрийн амгаланг айлтгая. Өнөөдөр УИХ-ын гишүүдтэй уулзах хүсэлт УИХ дахь намын бүлгүүдэд тавьсны дагуу намууд, бие даагчдын төлөөлөл оролцож байна. Юуны түрүүнд УИХ-ын гишүүдэд талархаж байна. Ухаалаг төр лүү шилжих талаар намын бүлгүүд ярьж, байр сууриа илэрхийлж байгаа нь сайн зүйл юм. УИХ-ын гишүүд, намын бүлгүүд авч хэлэлцсэн нь сайн зүйл болсон. Мөн төрийн байгууллагууд, түүний нэгжүүд зөвлөгөөн дээр яригдсан зүйлсийг ярилцаж, ямар ажил хийх, яаж үйл ажиллагаагаа сайжруулж, төрийн үйлчилгээ иргэдэд шуурхай хүргэх талаар ярилцаж байгаа мэдээлэл ирж байна.

Бид"Том төрөөс ухаалаг төр лүү" зөвлөгөөн хийгээд зогсохгүй тодорхой үйлдэл хийж, шийдвэр гаргаж, шийдвэрийн гүйцэтгэлийг хэрэгжүүлэхийн тулд бүгд хамтарч ажиллахаар тохирсон байгаа. Одоо бид юу хийх вэ гэдгээ нэгэнт тодорхойлж чадсан учраас хийх ажил, гаргах шийдвэртээ шууд орох нь зүйтэй гэж бодож байна. Тиймээс энэ талаар УИХ-ын гишүүдтэйгээ нээлттэй ярилцая гэсэн бодлоор өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж байна. Цаашид зөвлөгөөнд оролцсон нийгмийн бүлэг, байгууллагуудтай хамтарч ажиллах, цаашид хэрхэн ажиллах талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас уулзалт зохион байгуулж байгаа" гэв.

"Том төрөөс ухаалаг төр лүү" уулзалтын хүрээнд УИХ-ын гишүүдтэй ярилцах уулзалт яг одоо хаалттай үргэлжилж байна.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ