М.Энхболдын их цэвэрлэгээ

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд өчигдөр өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа татгалзах өргөдлөө өгсөн. Тэрбээр ямар шалтгаанаар ийнхүү ажлаа өгөх болсон талаар тодорхой тайлбар хийсэнгүй. Харин тус намын гишүүдийн хувьд энэхүү шийдвэрийг гэнэтийн мэт хүлээн авч, гайхсан дүрийг үзүүлэн шоу хийлээ. УИХ-ын гишүүд, ажлын хэсгийнхэн болоннамын аппаратынхан “энэ бол гэнэтийн шийдвэр байлаа. Энэ талаар ямар ч мэдээлэл алга байна. Н.Энхболд дарга л мэдэж байгаа” гэсэн тайлбарыг хийж байсан. Угтаа бол энэхүү шийдвэр нэлээд эрт гарах байсан гэдгийг бүгд мэдэж байсан. Харин хэзээ гарах нь тодорхойгүй байснаар өнөөдрийг хүрлээ. Тэдний хувьд мэдээж намын гишүүд дэмжигчид хийгээд монголын ард түмэнд ямар байдалтайгаар харуулж хийх вэ гэдэг асуудал толгойг нь гашилгасанаас өнөөдрийг хүрсэн биз.

МАН өнгөрсөн аравдугаар сард шинэчлэлийн гэх тодотголтой XVII Их хурлаа хийж, намын бүтэц бүрэлдэхүүнийг шинэчлэсэн. Гэтэл хурлын маргаашнаас МАН-ын шинэ дарга М.Энхболд намаа удирдах уу, бүлгээ удирдах уу гэсэн асуулт урган гарч, Н.Энхболдын суудал дэнжигнэж эхэлсэнийг бүгд санаж байгаа. Учир нь шинэчлэлийн хүрээнд намын дүрмэнд “намын дарга Удирдах зөвлөл эсвэл УИХ дахь намын бүлгээ удирдан” хэмээн өөрчлөлт оруулсан юм. Энэ нь намын шинэ дарга М.Энхболд Н.Энхболдын албан тушаал руу санаархаж эхэлсний тод жишээ. Түүнд энэхүү албан тушаалд хүрэхэд хоёрхон зам байсан. Нэг нь мэдээж намын Удирдах зөвлөлөө хуралдуулаад шууд авах. Нөгөө нь Н.Энхболдын үзүүлсэн өнөөдрийн шоу.

Н.Энхболд үүрэгт ажлаасаа өөрөө татгалзаж, өргөдлөө өгч байгаа нь М.Энхболдод ашигтай. Учир нь шинэчлэлийн хүрээнд хийгдсэн гэх өнөөдрийн бүтцийн өөрчлөлт шинэчлэл гэхээс илүүтэйгээр хотын фракцынхан удирдлагыг гартаа авсан явдал байсан юм. Тэдний энэ байдал нь МАН-ыг М.Энхболдын болон Сү.Батболдын гэх хоёр фракцад хуваагдахад хүргэсэн. Өнөөдрийг хүртэл энэ байдал үргэлжилж байгаа бөгөөд хэзээ дуусах нь тодорхойгүй байна. Их хурлын үеэр Сү.Батболдын гэх тодотголтой бүхий л хүмүүс Бага хурлын гишүүн болон намын аппаратаас хасагдсан. Үүнийг харсан зарим нэгэн нь шинэчлэл гэхээс илүүтэйгээр хотын фракцынхан хүч түрэмгийлэн орж ирсэн хурал хэмээн дүгнэж байсан.

Шууд утгаар бол хотын фракцынхан бол гавьяагүй хүмүүсийн нэгдэл хэмээн тодорхойлж болно. Учир нь удаа дараагийн сонгуульд МАН хотод хэзээ ч ялалт байгуулж байгаагүй. Энэ байдал нь гааршсаар өнгөрсөн УИХ-ын сонгуулийн дүнг авчирсан гэж хэлэхэд хилсдэхгүй байх. Ямартай ч М.Энхболд онилсон бай оновчтой боллоо.

Ийнхүү МАН-ын шинэ дарга багаа бүрдүүлж, намдаа их цэвэрлэгээг эхлүүлж байна. Энэ бол намын хуучин дарга нар болох Сү.Батболд, Ө.Энхтүвшин нарт цэвэрлэгээг хэрхэн хийдгийг харуулсан үзэгдэл болж байна. Түүний энэхүү их цэвэрлэгээ намын бүлгээр үргэлжилж байна. Харин дараагийн объёкт бол нийслэлийн намын хороо.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ