Байнгын хороод хуралдана

Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.00 цагаас “А” танхимд болно. Хурлаар Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэнэ.

Харин Хууль зүйн байнгын хорооны хуралдаан “А” танхимд үргэлжлэх бөгөөд Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар нарын өргөн мэдүүлсэн Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт дагалдан өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ. Мөн “Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай 1993 оны 59 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх аж.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Б” танхимд болох бөгөөдАгаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг, ажлын хэсэг байгуулах эсэхийг шийднэ.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “А” танхим хуралдана. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах Үндсэн чиглэл, Төв банкны тухай хууль болон Монголбанкнаас Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц байдал, үр өгөөжийг Монголбанкинд, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг Санхүүгийн зохицуулах хороонд, Статистикийн тухай хуулийн хэрэгжилтийг Үндэсний статистикийн хороонд тус тус шалган танилцаж, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний талаар шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт сонсоно.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ