Ерөнхий сайдыг шантаажлагч А.Мурат

Ардчилсан намд жигүүр байгуулагдсан цаг саяхан. Намын дотоод ардчилал, засгийн эрхийг барьж байгаа намын хувьд асуудалд бодитоор хандаж, шийдвэр гаргаж чадахгүй байгаагаас олон нийтийн дунд намын нэр хүнд унаж байгаатай холбоотойгоор жигүүр байгуулагдсан хэмээн мэдэгдэж байсан. Тэдний хувьд намынхаа ҮЗХ-г хуралдуулж, шинэ гишүүдээ томилох, цаашлаад намын их хурлаа хуралдуулан дүрэмдээ өөрчлөлт оруулах, намын дүрмийн хороо байгуулахыг шаардсан. Нэг ёсондоо намдаа агаар, салхи оруулахыг эрмэлзсэн.
Дээрх зүйл бол зүгээр л өнгөлөн далдлалт байсан. Намын шинэчлэл гэхээс илүүтэйгээр Ерөнхий сайдын суудалд санаархагчдын шидсэн чулуу хэмээн тодорхойлсон. Харин өөр нэг хэсэг нь засгийн эрхийг барьж байгаа ч өнөөдрийг хүртэл албан тушаалгүй үлдсэн хүмүүсийн нэгдэл хэмээн үзэж байсан юм. Гэтэл жигүүрийнхэн үүнийг эсэргүүцэж, “бид ямар нэгэн албан тушаал гэхээс илүүтэйгээр намаа шинэчлэхийг хүссэн” хэмээн тайлбар хийсэн. Мөн “бидний үйл ажиллагааг Ардчилсан намаас УИХ-д сууж байгаа гишүүд дэмжиж байгаа. Бидний зорилго эхнээсээ биеллээ олж, намын аппаратынхантай хамтран намын хурлыг хуралдуулахаар ажлын байгуулагдан ажиллаж байна” хэмээн мэдэгдэж байсан. Энэхүү мэдэгдлийн дараагаас тэдний үйл ажиллагаа байтугай сураг ч сонсогдохоо больсон.
Ийнхүү таг чиг болсон нь жигүүрийн удирдагч гэх УИХ-ын гишүүн асан А.Мураттай холбоотой аж. Тэрбээр саяхан Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзаж, албан тушаал “гуйсан” сурагтай. Нэг үгээр хэлбэл тэрбээр жигүүрийн нэрийг барьж Ерөнхий сайдыг шантаажилсан. Тэрбээр “Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн даргаар очих” хүсэлтэй байгаагаа Ерөнхий сайдад дуулгажээ. Ерөнхий сайд ч түүний хүсэлтийг хүлээж аваад эргээд хариу хэлье хэмээн мэдэгдсэн байна.
Иймд А.Мурат Ерөнхий сайдын хариуг чих тавин хүлээж байгаа аж. Хэрвээ түүнийг Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн даргаар томилохгүй бол жигүүрийн хүчийг үзүүлэн Н.Алтанхуягийг намын дарга, цаашлаад Ерөнхий сайдын суудлаас буулгах хүртэл арга хэмжээ авах талаар уулзах үеэрээ сануулсан хэмээн ойрын эх сурвалж өгүүлэв.
Хэрвээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг А.Муратын хүсэлтийг хүлээж авбал Ардчилсан намын жигүүр амь тавих нь тодорхой. Харин А.Муратад хулхидуулсан жигүүрийн гишүүд дэмжигчид хэрхэн хүлээн авах нь сонин.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ