"Сөрөг хүчний дарга хийнэ гэдэг амар ажил биш"

МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа даргаа сонголоо. Бүлгийн даргад УИХ-ын гишүүн С.Бямбацогт болон Ж.Энхбаяр гишүүн нар дэвшиж, олонхийн саналаар С.Бямбацогт боллоо.

Харин бүлгийн дэд даргын асуудлыг дараа шийдэхээр болжээ. Учир нь дэд дарга байсан С.Бямбацогтыг ийнхүү бүлгийн дарга болно гэж бодоогүй байсан учир хэлэлцэж чадсангүй гэсэн тайлбарыг МАН-ын дарга, УИХ-ын гишүүн М.Энхболд өгөв. Мөн тэрбээр "Н.Энхболд гишүүний хувьд өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн учир ямар нэгэн шалтгаан гэж байхгүй" гэв.

Энэ үеэр МАН-ын бүлгийн шинэ дарга С.Бямбацогтоос дараах зүйлийг тодруулсан юм.

-МАН-ын бүлгийн даргаар сонгогдлоо. Цаашид ямар ажил хийх вэ?

-Сөрөг хүчний буюу цөөнхийн дарга хийнэ гэдэг бол амар ажил биш. Хариуцлагатай, санаачлагатай, идэвхтэй байх ёстой.

Дарга гэхээс илүүтэйгээр зохицуулагч менежер гэж ойлгож байгаа. МАН-ын XXVII Их хурлаас хойш бүлгийн гишүүд 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт ажилласан. Энэ үеэр бүлгийн гишүүдийг илүү санаачлагатай ажилла гэсэн хүсэлтийг манай намын гишүүд дэмжигчид тавьж байсан. Тийм болохоор бидний өмнө хийх олон ажил байна. Цөөнхийн буюу сөрдөг бүлэг гэхээс илүүтэйгээр бүтээлч бүлэг байлгахын тулд өөрөөс хамаарах бүгдийг хийнэ гэж бодож байна. МАН-ын 2016 оны сонгуулийн ялалт бүлгийн үйл ажиллагаанаас хамаарна.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ