"Шар Баасан гараг"-тай Засгийн газар

Өнөөдөр баасан гараг. Өрнийн болоод Дорнын зурхайд ямар өдөр болохыг тодорхой заасан л биз. Энэхүү бичвэрийн хувьд "шар баасан гараг".
Монголын ахмадын чөлөөт холбоогоор овоглосон ч олноо “Баасан авгай” хэмээн нэрлэгдсэн Г.Баасан нэг хэсэгтээ Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилж, жагсаал цуглаан зохион байгуулдаг байсан. Халуун хүйтнийг ажралгүй хэдэн хөгшчүүдийг уриалан жагсаал хийж, олон ч цагдаагийн мөрдөсийг хуу татсан тэрбээр өнөөдөр таг чиг. МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр өнгөрсөн хавар төгссөн тэрбээр өнөөдөр үргэлжлүүлэн магистрт суралцаж байгаа. Суралцахын хажуугаар ахмадын чөлөөт холбоогоо удирдах, Ерөнхий сайдад зөвлөх гээд чамгүй их ажилтай байгаа нь түүний таг чиг байгаагийн нэг шалтгаан.
Гэхдээ үүнийг өнгөлөн далдлалт гэж хэлэхэд хилсдэхгүй. Учир нь тэрбээр төсвийн мөнгөөр холбооны үйл ажиллагаа явуулахаар болжээ. Шинэчлэлийн Засгийн газраас ахмад настнуудад чиглэсэн бүхий л төсөл хөтөлбөрийг Монголын ахмадын чөлөөт холбоо буюу Г.Баасан гүйцэтгэх болсон. Өнгөрсөн хоёрдугаар сард Ерөнхий сайдтай хамтран ажиллах гэрээ байгуулсан тэрбээр саяхан Сангийн сайдаар аймгуудын Засаг дарга нарт чиглэл өгсөн албан тоот гаргуулсан байна. Тэрхүү албан тоотод “Ерөнхий сайд 2013 оны наймдугаар сарын 07-ны өдрийн цахим хурлаар орон нутгийн удирдлагуудад Монголын ахмадын чөлөөт холбоотой хамтран ажиллахаар болсон тухай та бүхэнд албан ёсоор мэдэгдсэн билээ. Иймд ахмад настны нийтлэг эрх ашгийг төлөөлж төрийн өмнөөс ахмад настанд үзүүлэх үйлчилгээг Монголын чөлөөт ахмадын холбоо болон түүний салбар нэгжээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх, 2013 оны арваннэгдүгээр сараас эхлэн дээрх ахмадын байгууллагыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг мэдэгдэж байна” гэжээ.
Ийнхүү цагдаагийн мөрдөс хуулж, олон хүний сонирхолыг татаж байсан тэрбээр төсвийн мөнгөөр амаа таглуулсан учир нүдэн балай чихэн дүлий мэт байгаа бололтой. Улс орон даяар өөрийн салбар нэгжээрээ ахмадуудад чиглэсэн бүхий л төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Гэхдээ тухай орон нутгийн төсвөөр санхүүжүүлэгдэнэ. Анхандаа түүнийг Ардчилсан намынхан засгийн эрхийг барьж байсан МАН-ыг эрс шүүмжилж байгааг нь урамшуулж, хоёр өрөө байраар шагнасан. Харин одоо утсан хүүхэлдэй мэт ажиллах үүрэг авсан түүнд төсөв зарцуулах эрхийг олгожээ. Харин хэрхэн зарцуулах нь сонин.
Түүнийг Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллах болсонд олон хүн гайхаж “Ерөнхий сайд ч тааруухан гар байна даа. Очиж очиж энэ тэнэг Баасан авгай байхдаа яахав дээ. Зовлон vзсэн чавганц дээр гэдэгээр бол долоон буудлын Должин эмээ хамаагvй дээр дээ” хэмээн шүүмжилж байсныг санаж байгаа байх аа.
Тэр сүүлийн үед Засгийн газрыг шүүмжилсэн зарим хүмүүс рүү цамнаж, цацалж байдаг ааш аягтай болоод байгаа.
Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ