Аав хүү хоёрын газрын наймаа

Жирийн байлдагчаас дэслэгч генерал, жагсаалын цэргээс Монгол төрийн сайд хүртэл хийж явсан эрхэм бол УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын аав Ш.Жадамбаа. П.Жасрайн гуайн тэргүүлсэн Засгийн газрын бүрэлдэхүүнд Ш.Жадамбаа генерал багтаж Батлан хамгаалахын сайдаар ажиллаж явсан түүхтэй.

Эх орныхоо торгон хилийн манаанд хүчин зүтгэсэн, цэргийн түүхийг сайтар судалсан эрдэмтэн, олон улсын цэргийн хүрээнд онц хүндэтгэлтэй, цөөн тооны Монгол жанжин, төрийн хичээнгүй сайд хэмээн ард олноо үнэлэгддэг. Түүний үйл хэргийг “аав минь 36 насандаа генерал болж байхад би 36 насандаа УИХ-ын гишүүн болсноороо бахархдаг хэмээн ярих дуртай” хүү нь үргэлжлүүлсэн.

Тэрбээр Сү.Батболдын Засгийн газрын үед Батлан хамгаалахын сайдаар томилогдсон. Түүнийг энэхүү албан тушаалд суух үед генерал цолтой аавынхаа хүчээр аар­хан яллаа. Эцгийнх нь мөрдөс ийм лут шидтэй юм гэж хэн санах билээ. Ер нь цэр­гийнхэн “Хоёр идэхгүй, хоо­сон хонохгүйгээр амьдралаа авч явна” л гэж ярихыг сонс­соноос мөрдөснийхээ нэр тө­рийг үр хүүхэддээ өвлүүлж гэнэ гэж дуулаагүй юмсан хэмээн бичицгээж байсан.

Гэтэл дээрх аав хүү хоёр сайдын сэнтийд сууж байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, яамны өмчийг хувьдаа шилжүүлжээ. Батлан хамгаалахын сайд асан Ш.Жадамбаа Баянзүрх дүүргийн 19 хороо буюу Газарчин дээд сургуулийн баруун талд байрлаж байсан цэргийн хотхоны 12 мянган метр квадрат газрыг өөрийн өмч болгосон байна. Батлан хамгаалах яамны харьяа уг газрыг тэрбээр өөрийн хүү Ж.Энхбаярын нэр дээр шилжүүлж өгчээ. Харин Ж.Энхбаяр гишүүн түүнийг нь тухайн үед чимээгүйхэн бусдад худалдсан байна. Яг хэдэн төгрөгөөр худалдсан нь тодорхой бус.

Уг газрыг худалдаж авсан иргэдийн хооронд маргаан үүссэнээр аав хүү хоёрын булхай илчлэгдэж байна. Худалдаж авсан иргэд яг аль газрыг худалдаж авснаа тодорхой болгоогүйн улмаас хуулийн байгууллагад хандсан байна.

Шалгалтын явцад уг газрыг улсын өмч байсан, түүнийг хувьдаа шилжүүлж зарсан нь тогтоогджээ. Газар худалдсан гэрээн дээр Ж.Энхбаяр гэх нэр тодоос тод зурааж байгаа аж. Тэрбээр энэхүү наймааг УИХ-ын гишүүн болохоос өмнө хийсэн байна.

Ийнхүү аав хүү хоёр албан тушаалаа урвуулан улсын өмчөөр бизнес хийсэн нь тодорхой боллоо. Харин энэхүү асуудалд хуулийн байгууллага хэрхэн хандаж, ямар шийдвэр гаргахыг хүлээх л үлдлээ.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ