С.Бямбацогт: Р.Амаржаргал гишүүн хүртэл хүлээн зөвшөөрсөн

УИХ-ын чуулганаар Ч.Улаан, Н.Батбаяр сайд нарыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтоос "та бүлгийн даргаар сонгогдсоныхоо дараа сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө сөрдөг биш бүтээлч, санаачлагатай бүлэг байлгахын төлөө ажиллана гэж мэдэгдсэн. Хамгийн анхны үйлдлээрээ хоёр сайдыг огцруулах санал оруулж ирсэн нь таны бүтээлч санаачлага гэж ойлгож болох уу" гэж асуув.

Харин МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "Бүлгийн дарга болчихоод би сөрдөг биш бүтээлч бүлэг байлгахын төлөө ажилланагэж хэлсний эхлэл нь энэ. Бүтээлч байхын тулд эхлээд салан задгай, хариуцлага тооцдоггүй, хуулийг уландаа гишгэдэг, олонхиороо хүч түрдэг байдалд бид цэг тавих ёстой.Үүнийг бид өнгөрсөн хавраас хойш байнга ярьж ирсэн. Энэ Засгийн газрын үйл ажиллагаа нэг л биш ээ, бодлогогүй байна, анхаарах ёстой юм биш үү гэж бид Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг тавьж байсан. Харамсалтай нь олонхиороо хүч түрж аваад үлдсэн. Наймдугаар сард байдал хүндэрлээ, төсвийн орлого нэг их наяд төгрөгөөр тасарлаа, төсвийн зардлаа санхүүжүүлж чадахгүй байна, ээлжит бус чуулган зарлах юм биш үү гэж манай бүлгээс шаардлага тавьсан. Харамсалтай нь үгүй гэсэн. Дараа нь ажлаа хийж чадахгүй байгаа сайд нарт хариуцлага тооцвол яасан юм бэ гэсэн шаардлага дахиад тавьсан. Харамсалтай нь хүлээж аваагүй. Бидний хэлж байсан сануулгыг зөвхөн МАН-ын бүлэг биш ард түмэн, Монгол Улсын Ерөнхийлөгч, Дэлхийн банк, олон улсын байгууллагууд, хамгийн сүүлд нь энд сууж байгаа Р.Амаржаргал гишүүн хүртэл хүлээн зөвшөөрсөн. Үнэхээр хариуцлагагүй байдал газар авлаа, хууль зөрчиж байна, энэ сайд нар чинь их хурлынхаа дээр нь гараад суучихлаа гэдгийг бүгд ярилаа. Та бүхний өмнөөс хариуцлага хүлээх гэж үзлээ.Уг нь бид бодлогогүй тэнэг төрөөс ухаалаг төр рүү явах ёстой байх. Ерөнхийлөгч маань том төр гэж соёлтой хэлнэ лээ. Энэ чинь болохгүй, бүтэхгүй байгаагийн илэрхийлэл биш юм уу. УИХ, Засгийн газар, сайд нар хариуцлага хүлээхгүй юм бол би өмнөөс нь хариуцлага хүлээе гэж Р.Амаржаргал гишүүн хэлж байгаа нь асуудал биш юм уу. Харин та үүнд хариулт өгөөч" гэв.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ