"Утааг бүрмөсөн байхгүй болгоно гэж амлахгүй, бууруулна"

"Ерөнхий сайдын 30 минут уулзалт" боллоо.Уг уулзалтад Ерөнхий сайд Н.Алтанхуягаас гадна Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр оролцож ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт оруулсан тухай мэдээллийг өгөв. Энэ үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Засгийн газрын нэр бүхий хоёр сайдыг огцруулахаар хуулийн төсөл өргөн мэдүүлснийг УИХ-аар хэлэлцэх болж байна. Та энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Засгийн газрын гишүүдтэйгээ энэ асуудлыг ярьсан. Одоохондоо огцруулах үндэслэл нь байхгүй юм билээ. УИХ дахь намын бүлгүүд, байнгын хороогоор асуудлыг хэлэлцээд "Огцруулах үндэслэл биш" гэж үзсэн байлаа. УИХ-аар асуудлыг хэлэлцээд шийдэж таарна.

-УИХ-аар хууль баталснаар агаарын бохирдлыг бууруулах ажил Ерөнхий сайдын мэдэлд шилжиж ирсэн. Ойрын хугацаанд юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Агаарын бохирдлыг бууруулахтай холбоотойгоор өчигдөр орой хуралдсан. Өнгөрсөн хугацаанд хэчнээн хэмжээний мөнгийг зарцуулав гэдгээс эхлээд холбогдох албаны хүмүүсээс мэдээлэл сонслоо. Маш түүхий байна, юу хийхээ мэдэгүй байна, хэнтэй яаж ажиллахаа мэдэхгүй байна. Ийм үед яаж утаатай тэмцэх вэ дээ. Мэдээллээр бол Улаанбаатар хотын утааны 60 хувь нь гэр хорооллын яндангаас гарч байгаа утаа эзэлж байна, багцаалж хэлж буй тоо хэмжээ шүү. Харин 20 орчим хувь нь авто машины утаа, 10 орчим хувь нь нам даралтын зуух, дөрвөн хувь нь шороо тоостой холбоотой. Үлдсэн зургаан хувь нь дөрвөн том цахилгаан станцын яндангаас агаарт цацаж байгаа утаанаас ялгарч байна. Тийм учраас ойрын хугацаанд ард иргэдийнхээ дунд хэлэлцүүлэг өрнүүлнэ. Өчигдөр иргэд маань маш олон саналыг ирүүлсэн байна. Багийнхан маань тэр бүгдтэй танилцаж үр дүнд хүрэх аргуудыг нягтална. Тэгээд Засгийн газар ийм юм хийнэ, хувийн хэвшил ийм юм хийнэ, иргэн хүн ийм юм хийнэ гэдгээ тодорхой болгоно. Ирэх 20 хоногийн хугацаанд энэ бүхэн тодорхой болчихно.

-Агаарын бохирдлыг бүрдүүлэхэд гол нөлөө үзүүлж байгаа зүйл нь гэр хорооллын яндангаас ялгарч байгаа утаа байна. Багануурын нүүрсийг Засгийн газраас хямдралтай үнээр иргэдэд тараадгыг зогсоож болдоггүй юм уу. Нүүрсийг орлохуйц бүтээгдэхүүн байж болдоггү юм уу гэсэн асуудлыг Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд хөндөж байсан. Энэ тухайд?

-Өөр юу түлэх юм, боломжтой байсан бол орлуулж таараа. Амьдрал мэдэхгүй байна. Нэг хэсэгтээ нүүрс байсаар байх болно. Утаа гаргадаггүй болох технологийг яаралтай нэвтрүүлэхёстой. Хоёр жилийн өмнө утаагүй түлш үйлдвэрлэх нэрээр 17 тэрбум төгрөг зарцуулсан. Гэтэл одоо 17 тэрбум төгрөг ч байдаггүй, утаагүй түлш ч алга. Утаатай тэмцэх зорилгоор өнгөрсөн хугацаанд 250 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Гэтэл ирэх онд хэдэн төгрөг байна вэ гэтэл 20 гаруй тэрбум төгрөг гэсэн. Ийм л дүр зураг байна. Болохгүйгээс аваад болохыг нь хүртэл зүтгэнэ.

-Одоогийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд Улаанбаатар хотын утаа хэдэн жилийн дараагаас багасах юм бол. Тэр болтол урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газраас ямар арга хэмжээг авах вэ?


-Фейсбүүктээ өчигдөр "Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хуралдлаа" гэсэн чинь жиргээчид "Юун хожуу сэрдэг нөхөр вэ.Юугаа хийж байсан юм бэ" гэж байна лээ. Нэг юмыг ойлголцъё, Ерөнхий сайдын хувьд гурван жилийн дараа утааг бүрмөсөн байхгүй болгоно гэж амлахгүй, тодорхой хэмжээгээр бууруулна.
Зөвхөн өнөөдрийн төвшинд аваад үзэхэд Улаанбаатар хотод нийтийн тээвэрт 800 автобус явдаг юм байна. Үүнээс 200 нь газаар явах ёстой, гэвч тэгж явахгүй байна. Яасан, юу болов гэтэл компани нь ажлаа хийгээгүй байх жишээтэй. Тийм болохоор эхлээд аль арга нь хамгийн үр дүнтэй тусах нь вэ гэдгээ гаргаад авна.


Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ