Иргэдэд 21 мянган төгрөг хэрэгтэй байна гэв


УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан нар сэтгүүлчдэд мэдээлэв.
Хурлаар Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар нь хууль зөрчсөн учир огцруулах нь зүйтэй гэдэг дээр МАН-ын бүлгийн гишүүд дахин саналаа нэгджээ. Мөн хурууны хээгээр ирц бүртгэх төхөөрөмж буруу ажилласнаас болж бүлэг завсарлага авсныг АН-ын зүгээс МАН-ын бүлгийн буруу мэтээр олон нийтэд ойлголт төрүүлснийг буруутгав.
Түүнчлэн иргэн бүрт 21 мянган төгрөг өгдөг байсныг дахин олгож эхлэх асуудлыг сэргээх асуудлыг ярилцжээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол "Монгол Улсын зээлжих зэрэглэл буурсан нь цаад агуулгаараа хувийн хэвшлийнхэн зээл авах боломжгүй болгож байгаа. Нөгөө талдаа эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн нь 40-өөс дээш насны орлогогүй иргэдэд маш эмзэг тусч байгаа тул өмнө нь иргэдэд сар тутамд олгож байсан 21 мянган төгрөгийг ажилгүй, орлогогүй, нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай хэсэгт хүргэх чиглэлээр УИХ бодлого гаргах ёстой болж байгаа" гэв.
Мөн Мөрдөх албаны тухай хуулийн төсөл болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Хүнсний улирлын нөөц бүрдүүлэхэд шаардагдах 100.0 мянга хүртэл тонн улаан буудайг импортоор оруулахад, хэлэлцэх эсэх/ хэлэлцэхэд нухацтай хандах ёстой учраас яаран батлах шаардлагагүй гэж үзжээ.
Б.Цэлмэг
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ