Ж.Батзандан: Дүүгийн хувьд зүрх өвддөг юм билээ

-Гэхдээ би төрлийн зарчмаар бус төрийн зарчмаар хандсан-
УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн ах Ж.Батсүрэн төрийн өмчит “Монсам” үйлдвэрийн захирлаар томилогдоод хэдэн сар болж байгаа юм байна. Гэтэл Ж.Батзандан гишүүн өнгөрсөн долоо хоногт түүнд хариуцлага тооцуулах тухай бичгийг Төрийн өмчийн хороонд өгчээ. Энэ талаар Ж.Батзандан гишүүнтэй ярилцлаа.
-Ахыгаа ажлаас нь хал гэдэг бичиг өгснөөс болж таныг сайн, муу янз бүрээр л хэлж байна. Яг юу болсон юм бэ?
-Надад иргэдээс өдөрт арав гаруй өргөдөл гомдол ирдэг. Тэр бүгдийгшалгаад холбогдох байгууллагад шаардлагатай арга хэмжээ авах тухай бичиг явуулдаг л даа. Үүний л нэг адил зүйл болсон юм. Өнгөрсөн долоо хоногт ажилдаа ирээд иргэдээс явуулсан өргөдөл гомдлуудыг уншиж байтал гаалийн ажилчдаас ирсэн нэг бичиг байсан. Агуулга нь “Танай ах ажлаар явж байгаад гааль дээр татвар төлөхгүй гэдэг маргаан дэгдээсэн. Гаалийн ажилчдыг доромжилсон. Та хариуцлага тооцож өгөөч” гэсэн утгатай өргөдөл байсан. Тэгээд би Төрийн өмчийн хорооны дарга руу энэ гомдлыг шалгаад үндэслэлтэй гэж үзвэл хариуцлага тооцно уу гэсэн агуулгатай бичиг явуулсан. Би төрийн ажил, төрлийн холбоо хоёр өөр байгаасай гэж бодож явдаг хүн. Тийм учраас төрийн ажилд би төрлийн бус төрийн зарчмаар хандсан юм.
-Ах чинь танд гомдохгүй юу?
Манай ах хаана ч өөрөө амьдралаа зохицуулаад аваад явчих чадвартай хүн. Тэр ардчиллын төлөө олон жил зүтгэсэн. Ах татвар төлнө, төлөхгүй гэдэг асуудлаар гаалийнхантай маргалдсан гэсэн. Гэхдээ миний дүү ингэж бодож байгаа бол ажлаа өгөхөд бэлэн гэж хэлсэн. Ахын найз нар, МоАХ-ныхон намайг зэмлэж байна лээ. Ээж болон ахын эхнэр миний гаргасан шийдвэрт яаж дуртай байв гэж. Гэхдээ Монгол төрийн ёс зүйд шинэ жишиг тогтоосой гэсэндээ би ийм шийдвэр гаргасан юм. Төрд гарч ирж байгаа залуу хүний хувьд хариуцлагатай төрийг бий болгох шинэ жишиг тогтоомоор байна. Хэн нэгэн албан тушаалтан алдаа гаргачихдаг. Үүнээс нь болж иргэд гомдол гаргавал шалгаж үзээд арга хэмжээ ав гэж үүрэг өгөх нь зүйн хэрэг биз дээ. Алдаа гаргасан бол тэр миний ах гээд нуугаад, дараад өнгөрч болохгүй. Хариуцлага хүлээдэг жишгийг Монголын төрд бий болгох ёстой. Гэхдээ Ж.Батсүрэн гэдэг хүнийг ажлаас халах, үгүй нь Төрийн өмчийн хорооны шийдэх асуудал.
-Төрийн өмчийн хороо хариугаа хэзээ гаргах юм бол?
-Хуульд зааснаар 14 хоногийн дотор асуудлыг шийдэх ёстой.
-“Монсам” төрийн өмчит компани дампуурч байгаа.Тийм учраас үүнээс нь өмнө ахыгаа татаж авахын тулд Ж.Батзандан ийм зүйл хийлээ гэдэг яриа явж байна лээ?
-Угаасаа өмнөх Засгийн газрын үед дампуурчихсан байсан үйлдвэр. Энэ үйлдвэрийг сэргээх үүрэгтэйгээр манай ах захирлаар нь томилогдсон юм байна лээ. Ажилдаа томилогдоод удаагүй байгаа. Энэ асуудлыг хүмүүс юу ч гэж ойлгож болно. Яаж ойлгоод, юу гэж тайлбарлах нь тэдний эрх. Миний хувьд аливаа албан тушаалтан ёс зүйн алдаа гаргасан бол ажлаа өгч чаддаг байх хэрэгтэй. Иймжишээнүүд Америк, Англи, Японд байна шүү дээ. Гэтэл манай монголчууд ийм үзэгдлийг эвэртэй туулай үзсэн мэт гайхаад байх юм. Японы нэг том албан тушаалтан ажлын цагаараа гольф тоглож байгаад баригдаад ажлаа өгч л байна. Ах, дүү нь алдаа гаргавал ажилд нь аргалаадүлдээдэг, өмөөрдөг Монгол сэтгэхүй эртнээс уламжлагдаад иржээ. Энэ чигээрээ явбал Монголын төр сүйрнэ. Ах дүүс гэдэг чинь зөвхөн сайн зүйл хийхийн төлөө төрсөн болохоосбуруу зүйл дээр бие биеэ хаацайлахын тулд байдаггүй байх.
-Гэрийнхэн тань таныг зэмлэж байна уу?
-Манай гэрийнхэн ухаалгаар ойлгож байгаа.Надад малчин, тариаланч, жолооч, багш, эмч, хуульч ах бий. Бид тус тусдаа амьдралтай, бие биедээ зарчмын, ёс зүйн шаардлага тавьдаг. Төрийн ажил, ах дүүгийн ёсыг ялгаж салгаж ойлгодог хүмүүс.Н.Алтанхуяг сайд Дэнзэнг өмөөрснийг монголчууд сайшаадаггүй шүү дээ. Монголын төрд Дэнзэндэх гэдэг муухай арга байж болохгүй. Тиймээс Батзандан ч Дэнзэнддэггүй байх ёстой. Би өмнө нь олон хүнд хариуцлага тооцуулж байсан. Мэргэжлийн хяналтын дарга Содхүүг ажлаас нь халуулж байсан. Монголчуудыг доромжилсон Гадаадын иргэн харьяатын газрын дарга Пүрэвдоржид хариуцлага тооц гэдэг асуудлыгЗасгийн газарт тавьчихсан. Ийм байж ахыгаа өмөөрөөд сууж байж болохгүй биз дээ. Монголын төрийг эрүүлжүүлж, хариуцлагатай болго гэж иргэд олон нийт намайг сонгосон. Энэ зарчмаараа л явж байна.Хүмүүс надаас “Яагаад ахыгаа өмөөрөхгүй байгаа юм бэ?” гэжасуугаад байна лээ. Харин ч би энэ шийдвэрээрээ ахыгаа өмөөрч байна. Цаашид хийх алдаанаас нь ахыгаа хамгаалж байна.
-Хэтэрхий шударга загначихлаа гэж хэлэх хүмүүс ч байна...
-Шударгасаад байх юу байх вэ. Энэ бол зарчим шүү дээ.Мэдээж дүүгийн хувьд ахынхаа талаар ийм шийдвэр гаргахад зүрх өвдсөн. Гэхдээ би төрөө дампууруулмааргүй байна. Батзандан худлаа шоудаж байна гэж нөгөө талд ярьж байгаа байх. Ил тод нээлттэй хариуцлагын тогтолцоог төрдбий болгоно гэж яриад байгаа шүү дээ. Үүний дагуу л шийдвэр гаргасан хэрэг.
-Гэхдээ гаалийнхан жудаггүй зан гаргажээ. Ахыг нь гэж мэдээд зориуд тан руу өргөдөл өгсөн байна шүү?
-Би гаалийнхныг буруутгаж чадахгүй. Тэд гомдол гаргаж болно. Төрийн аль ч байгууллага, хувь хүн УИХ-ын гишүүнд хандаж болдог. Төрийн ажлыг төрлйин зарчмаар бус хуулийн зарчмаар явуулах ёстой шүү дээ.
Я.МӨНГӨНЦЭЦЭГ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ