"Төсвийн алдагдлыг хоёр хувьд барьж чадсан"

"Ерөнхий сайдын 30 минут” уулзалт болж, 2014 онд хийх ажлаа танилцууллаа. Шинэчлэлийн Засгийн газраас 2014 оны үйлдвэржилтийг дэмжих болгон зарлаж байгаа аж. Үүнийхээ хүрээнд иргэдийн дунд нээлттэй төслийн уралдаан зарласан бөгөөд одоогоор таван төсөл ирээд байгаа юм байна. “Чингис бонд”-ын хөрөнгөөс одоо 360 орчим тэрбум төгрөг үлдсэн бөгөөд энэ мөнгийг бүгдийг, үйлдвэржилтэнд зарцуулахаар болсон гэдгийг Ерөнхий сайд өнөөдөр дуулгалаа. Тиймээс экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үйлдвэрийн төслийн уралдааныг энэ оны нэгдүгээр сарын 10-ныг дуустал хүлээн авна. Төсөл сонгон шалгаруулах хугацаа ирэх гуравдугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд төслийг "Чингис бонд"-ын хөрөнгөөс санхүүжүүлж, цааш дэмжих аж. Уг төслийн уралдааныг сонирхон, судалж байгаа хүмүүс их байгаа гэв. Ийнхүү үйлдвэржилтийг дэмжсэнээр экспорт нэмэгдэж, импортыг орлохуйц бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болно гэж үзэж байгаа юм байна.

Манайх гадны улс орнууд руу хоёр л бүтээгдэхүүн экспортолдог. Тодруулбал, Эрдэст бүтээгдэхүүн, ноос ноолуур юм. Тийм учраас өнгөрсөн онуудад гадаад худалдааны алдагдалд орж иржээ. Тиймээс 2014 онд дотоодын үйлдвэржилтийг нэмэгдүүлж, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэхэд голлон анхаарч ажиллахаар болсон гэв. Өнгөрсөн оны тухайд эрдэс баялгийн салбарт зарим бүтээгдэхүүний экспортоос олсон орлого нэмэгджээ. Тухайлбал, зэсийн экспортоос 850.9 сая ам.доллар олсон байна. Энэ нь 2012 оны эхний 11 сарын байдлаар гарсан дүн мэдээ аж, 2012 онд уг бүтээгдэхүүний экспортоос 838.8 сая ам.доллар олж байжээ. Харьцуулахад экспортоос олсон орлого өссөн үзүүлэлттэй байна. Мөн алтны экспорт нэмэгджээ, 2012 онд 122.3 сая ам.доллар олсон бол 2013 оны арваннэгдүгээр сарын байдлаар 303.9 сая ам.доллар олсон аж. Нүүрсний экспортоос 2012 онд 1.9 тэрбум ам.доллар олсон бол 2013 онд 1 тэрбум ам.доллар олжээ.Энэ нь 2012 оныхоос 900 гаруй сая ам.доллараар буурсан үзүүлэлт аж. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурсан, мөн экспортын хэмжээ багассан зэрэг нь ийн нөлөөлжээ. Гэхдээ ирэх онд нүүрсний үнэ нэмэгдэх магадлалтай байгаа аж.Сүүлийн жилүүдэд экспортод эерэг нөлөө үзүүлэх болсон бүтээгдэхүүн нь ноолуур аж. Өнгөрсөн оны эхний 11 сарын байдлаар 235.5 сая ам.доллар олсон нь 2012 оныхтой харьцуулахад 40 гаруй сая ам.доллараар өссөн үзүүлэлт аж. Импортын тухайд тодруулахад, өнгөрсөн онд Монгол Улс эрдэс, хуванцар, арьс ширэн бүтээгдэхүүн хамгийн ихээр оруулж иржээ. Нийт импортын 35 хувийг дээрх бүтээгдэхүүнүүд эзэлсэн байна.Үүн дээр машин механизм, цахилгаан хэрэгсэл, дуу хураагч, зурагт, сэлбэг эд анги 15 хувийн импортыг бүрдүүлжээ. Иймээс гаднаас орж ирж буй дээрх бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх төслийг дэмжих бодолтой байгаа гэдгээ Ерөнхий сайд дуулгалаа. Мөн өнгөрсөн онд Шинэчлэлийн Засгийн газраас төсвийн алдагдлыг хоёр хувьд барина гэж зорилт тавьсан. Үүнийхээ дагуу төсвийн алдагдлыг хоёр хувьд барьж чадсан. Тиймээс төсөв алдагдалгүй гарсан гэж Ерөнхий сайд хэллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ