Энэ оны улс төрийг тольдох уу

Таамаглалаар бол Засгийн газар буух жил
Улс төрийн хүрээнд содон үйл явдалтай 2013 он улирч, шинэ хуудас эхэлж байна. Ерөнхийлөгчийн сонгууль, улс төрийн намуудын их, бага хурал болон Засгийн газрын асуудал зэрэг олон үйл явдал өрнөсөн. Харин энэ онд монголын улс төрийн амьдрал хэрхэн өрнөхийг тольдож байна. Хэдийгээр улс төрийн тогтсон томоохон үйл явдал болохгүй ч гэсэн таамаглал дэвшүүлсэн олон асуудал байгаа. Түүний нэг бол Шинэчлэлийн гэх тодотголтой Н.Алтанхуягийн Засгийн газрын асуудал. Учир нь анх 2012 оны наймдугаар сард байгуулагдаж байхад хоёрхон жилийн настай хэмээн тодорхойлж байсан юм. Нам дотор хийсэн улс төрийн тохироо хэмээн эх сурвалж мэдээлж байсныг уншигч та санаж байгаа байх аа. Тэр утгаараа энэ онд Н.Алтанхуягийн Засгийн газар үйл ажиллагаа явуулаад хоёр жилийн нүүрийг үзэж байгаа. Магадгүй тэрхүү улс төрийн тохироо үнэн бол Шинэчлэлийн Засгийн газар бутарч, дараагийн засгийг хэн тэргүүлэх гээд олон асуудал урган гарах болно.
Үүнтэй уялдан Засгийн газар нэлээд шахалтад орох нь тодорхой. Учир нь зээл авах боломжгүй байдалтай нүүр тулгараад байгаа Засгийн газар энэ онд бүтээн байгуулалтуудаа үргэлжлүүлэх, ам.доллар шинээр татаж, ханшийг бууруулах зэрэг хүндрэлтэй олон асуудлыг шийдэх ёстой. Энэ мэт нөхцөл байдлууд дээрх зүйлд нөлөөлөхийг үгүйсгэхгүй.
Гишүүд давхар дээлээ тайлж чадах уу
Намрын чуулганаар амжиж батлуулахаар чичирч байгаа хэд хэдэн хуулийн төслүүд байгаа. Хэдийгээр өнөөдөр маргааш амжихгүй тохиолдолд энэ ондоо багтаж батлагдах нь тодорхой.
Түүний дотор хамгийн анхаарал татаж байгаа нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд юм. Учир нь энэхүү хуулийн төсөл батлагдснаар Засгийн газрын гишүүд УИХ-ын гишүүний үүргийг давхар хашихгүй гэсэн гол заалттай.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн болсон бол давхар Засгийн газрын сайдын албыг хашихгүй байх ёстой болно гэсэн үг. 2012 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ-ын гишүүдээс өдгөө 15 нь Засгийн газрын гишүүний албыг давхар хашиж буй. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш нийт 16 яамтай болж, түүнийг удирдаж буй сайд нараас нэгийг нь эс тооцвол бусад нь “давхар дээлтэй” яваа гэсэн үг.
Тиймээс Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл УИХ-ын давхар дээлтэй гишүүдэд “халтай” хуулийн төсөл юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Том төрөөс ухаалаг төр рүү” шилжих тогтолцооны шинэчлэлийн ажлыг эхлүүлээд буй. Тэрээр энэ шинэчлэлийнхээ хүрээнд ч, Засгийн газарт хяналт тавих ёстой УИХ үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрэх, УИХ нь хяналтын чиг үүргээ алдахад хүрээд байгаа зэрэг нөхцөл байдал үүссэн учраас ч ийн хуулийн төсөл өргөн барьсан биз ээ.
Энэхүү хуулийн төслүүдийг Ерөнхийлөгчийн зүгээс 2013 оны зургадугаар сарын 6-ны өдөр өргөн барьсан ч хэлэлцэхгүй байсаар өдийг хүрээд байгаа юм. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хашихгүй байх хуулийн хэрэгжих хугацааг 2016 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлэхээр санал оруулсан байгаа.
МАН-д халтай улс төрийн намын тухай хууль
Дараагийн нэг чухал асуудал бол Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл юм. Нэг талдаа ашигтай, нөгөө талдаа хүндхэн цохилт болох эдгээр хуулийн төслүүдэд хатуухан заалтууд байгаа.
Тухайлбал, УИХ-д суудалтай намууд төрөөс санхүүжих төдийгүй байр савны хувьд нэг газар төвлөрөн байрлах, тэр тусмаа төсвөөс 11 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт авч баригдсан ‘’Тусгаар тогтнолын ордон’’-д төвлөрөн байрлах талаар бор шувуу нисээд байгаа юм. Төрийн эрхийг барьж байхдаа төсвийн мөнгө оролцуулан бүтээн босгосон “Тусгаар тогтнолын ордон”-оо ийнхүү АН-ынханд алдаж магадгүй байдал үүсээд байгаа нь МАН-д хүндхэн цохилт болно.
Хугацаа нь болсон Н.Энхбаяр
МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ онд эх орондоо ирж магадгүй. Учир нь тэрбээр өнгөрсөн наймдугаар сард эмчилгээгээ хийлгэхээр БНСУ-ыг зорьсон. Гурван удаагийн хагалгаанд орсон түүний биеийн байдал сайжирч байгаа гэсэн мэдээллийг цаг тутамд өгөх болсон.
Хэрвээ биеийн байдал хэвийн болвол эх орондоо ирж, улс төрийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдгийг намын нөхөд нь мэдэгдээд байгаа. Түүний хувьд эх нутагтаа ирвэл улс төрд ширүүн тоглолт болж, улс төрд нэлээд өөрчлөлт гарах байх аа.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ