Н.Хүрэлбаатарыг Интерполоор эрэн сурвалжлах уу

Эр нэг эндэж, эрэг нэг нурдаг байхад Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатар нэг дор хоёр том паакталсан. Тэрээр нуудгай хүүгээ олон жил нууж чадсан. Бас хоёр сая 145 мянган юань, 6000 ногооноо мөнөөх хүүгийндээ нууцаар хадгалсан. Харамсалтай нь нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Рапид” харшны 5А байрны 35 тоотод оршин суугч Энхбат гэгчийнд 2011 оны 11 дүгээр сарын дундуур хулгайч орж, сейфтэй мөнгийг нь авч одсон. Азгүй хулгайч сейфийг онгойлгож чадалгүй хог дээр хаяж, азгүй эзэн цагдаа дуудаж азаартсанаас өөрийгөө илчилж орхисон. Бас хүүгээ илчилж давхар паакталсан. Энэ хэргийг засгийн эрх барьж байсан МАН-ын томчууд маш өндрөөс хүчээр дарж, жил гаруй нууж чадсан. Гэвч нууц юм гэж хэзээ ч байдаггүй. ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэлийн тендерийн булхай тэрбум гаруй төгрөгийн луйвар илэрч, шоронд шомбойгоод байхад Н.Хүрэлбаатарын сейф дүүрэн Хятадын банкны тэмдэгтэй боодол боодол валютын дэвсгэртүүдийн зураг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж, монголчуудыг алмайруулсан. Хөөрхий Н.Хүрэлбаатар гэртээ байтугай Халхын хавтгайд багтаж шингэхээ болив.

Түүний толгойд яамныхаа цалингийн мөнгөөр мөрийтэй тоглож алдангуутаа гадагшаа зугатсан Д.Сүрэнхорын адил бодол өөрийн эрхгүй зурсхийж, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурлын бэлтгэл ажил ид оволзож байсан сиймхийгээр хилийн дээс давжээ. Цагдаагийнхан гадаадын зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс тусгай ажиллагаа явуулах үеэр Интерполоор эрэн сурвалжилж байсан Пакистаны хоёр иргэнийг баривчилж, харин удахгүй Интерполоор хайлгаж мэдэх Н.Хүрэлбаатар дөрөвдүгээр сарын 13-ны 23.50 цагт Улаанбаатараас хөөрсөн КАL буюу “Korean Air Lines” компанийн онгоцоор Сөүлд газардаад сураг тасарчээ. Үүнийг батлах мэт сүүлийн өдрүүдэд түүний 9911... дугаарын утас дандаа “холбогдох боломжгүй” гэсэн хариу өгч байсан юм.

Т.Билэгт, Д.Хуяг, Н.Энхтуяа нарын араас Н.Хүрэлбаатарыг Интерполоор эрэн сурвалжлах уу.

Г.Болор

  // .jpg","thumb":"s/n/s/n.jpg"}]

СЭТГЭГДЭЛ БИЧИХ